Дэлхийн улс орнуудын хүний нөөцийн авьяас, ур чадварыг үнэлдэг “IMD World talent ranking 2025” тайланд Монгол сүүл мушгив. 69 улсын хүний нөөцийн ур чадварын хөгжлийг боловсролын хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөх чадвар, мэргэжилтнүүдийг тогтоон барих нөхцөл боломж зэрэг 31 үзүүлэлтээр үнэлж дүгнэхэд манайх ийнхүү 69-д эрэмбэлэгдсэн юм. Ерөнхийдөө гурван үндсэн ангиллын нийлбэр оноогоор хамгийн муу дүн үзүүлж, “Ур чадвартай хүний нөөц татах” гэсэн анхаарлын тэмдэгтэй ангилалд багтжээ. Биднийг ийн “баян ходоод”-нд ороход иргэдийн амьдралын чанар, ур чадвартай удирдлага болон авьяаслаг хүний нөөцийн дутагдал, эрүүл мэндийн дэд бүтэц, ажиллагсдын урам зориг зэрэг үзүүлэлт хамгийн сул үнэлэгдсэн нь голлон нөлөөлсөн аж.
Швейцарын Лозанн хотод төвтэй Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэн (IMD)-гээс гаргасан уг тайланнь зүгээр ч нэг статистик, судалгаа төдий эмхэтгэл биш юм. Ялангуяа манай улсын барилга, дэд бүтэц, эрүүл мэнд, үйлчилгээний соёл, үйлдвэрлэл, удирдлага, бүр ахуйн түвшний гүйцэтгэл хүртэл болхи болоод удаж буй, нийгмийн бүх салбарт хуримтлагдсан чадамжийн хямралын үнэн төрх. Ур чадварын доройтол, стандартгүй сэтгэлгээг илчилсэн шударга шүүмжлэл ч гэж хэлж болно. Ерөнхийдөө энэхүү рейтинг нь төрийн бодлогоос эхлээд хувийн хэвшлийн соёл, иргэн бүрийн мэргэжлийн хандлага доголдсоныг харуулсан. Улс орнууд уг тайланд үндэслэн авьяаслаг хүний нөөцөө хөгжүүлэх, татах, хадгалах буюу хэрхэн бэлтгэн дэмжиж, тогтоон барих вэ гэдэгтээ анхаарч эхэлсэн байна.
Авьяас, ур чадварын индекс нь оролцогч орнуудыг хооронд нь өрсөлдүүлэхдээ гол нь бус, тухайн улсын хөгжлийн бодит түвшин, институцийн чадамж, хүний капиталд хандах хандлагыг ил гаргадгаараа шалгуур өндөртэй. Энэ удаагийн тайланд Швейцар улс тэргүүн байраа дахин хадгалж, Люксембург, Исланд удаалжээ. Эдгээр улс хүний нөөцийн ур чадвар, мэргэжлийн боловсрол, удирдлагын чадамжийг улс төрөөс ангид, урт хугацааны тогтвортой бодлогоор зангидаж, залж ирсэн нийтлэг шинж чанартай юм билээ. Энэ нь тэднийг тууштай хөгжиж, хөдөлмөрлөх үндэс болдог аж.
ӨСӨЖ ДЭВЖДЭГГҮЙ, ХӨГЖИЖ СУРАЛЦДАГГҮЙН ЗОВЛОН
Манай улс өнгөрсөн хугацаанд хүний нөөцийн авьяас, ур чадвараа олон улсын байгууллагуудаар ийн үнэлүүлж явснаас өөрсдөдөө үнэлэлт дүгнэлт өгч байсангүй. Харин одоо л нэг өнгө төрхөө тольдох гэж буй бололтой. Төрийн захиргааны албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлагыг тодорхойлох, чадамжийн хэрэгцээнд суурилсан сургалт, хөгжлийн бодлогыг сайжруулах, хүний нөөцийн төлөвлөлтөд ашиглах үндэслэл бүхий мэдээллийг бүрдүүлж, дүн шинжилгээ хийх зорилгоор “оношлох” судалгааг энэ сарын 23-наас улсын хэмжээнд анх удаа зохион байгуулах гэнэ. Төрийн албаны зөвлөлөөс өгсөн мэдээллээр судалгааг удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, ахлах гэхчлэн гурван ээлжээр явуулах бөгөөд үүнд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны нийт байгууллагын 21 000 гаруй албан хаагчийг хамруулахаар төлөвлөжээ. “Чадамжийн оношилгооны үнэлгээ” судалгаанд Төрийн албаны зөвлөлөөс шинэчлэн баталсан Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмын дагуу бүх албан хаагчийг заавал хамруулна. Уг судалгааны дүнг нэгтгэсний дараа ядаж л төрийн захиргааны албан хаагчдын ур чадвар, мэдлэг, хандлага аль түвшинд байгааг мэдэх боломж гарна хэмээн найдах.
Үүнээс гадна бидэнд нэн яаралтай ур чадвартай хүний нөөц татах шаардлага тулгараад буй. Манай улс уг нь ажиллах хүчний өсөлт, сургалтад хамрагдаж буй байдал, боловсролд оруулж байгаа хөрөнгө оруулалт, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт зэрэг үзүүлэлтээр харьцангуй өндөр оноо авсан юм билээ. Даанч бодит чанар, чадварт шилжиж чадахгүй байгааг IMD-гийн тайланд дурджээ.Олон хүн сураад л байдаг, үр дүн харагддаггүй. Энэ нь их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудад онолын мэдлэг, практик чадварыг энэ тэнцүү олгодоггүйтэй холбоотойг судлаачид хэлдэг. Амьдрал дээр ч эдгээр нь маш энгийнээр, тод томруун илэрдэг. Харин бид төдийлөн анзаардаггүй, тоглоом тохуу хийгээд өнгөрөх нь түгээмэл.
Монголд ажиллах хүчний ур чадваргүй байдал өмнө нь өгүүлсэнчлэн бүх салбарт хавтгайрсан нь үнэн. Адаглаад л гэртээ тавилга захиалахад анзаарагддаг. Хэмжээ нь зөрсөн, булан ирмэг нь халцарсан, угсралт нь болхи, хаалга нь жигд хаагдахгүй байх нь хэвийн үзэгдэл. Үүнийг нь хэлж, шаардлага тавихад “Ингээд боллоо. Хэвшчихнэ дээ” гэх мэтээр аргалдаг. Эсвэл өнөөх хэмжээ дамжаа зөрснийгөө хүчээр тааруулж, монголчилно. Сангийн хоолой солиулахад хүртэл шаардлага хангахгүй. Араасаа заавал ахин дахин дуудуулж байж сая нэг засаж дуусгах жишээтэй. Монголчуудын ахуйн хүрээний ур чадваргүй эл байдал нь бүтээн байгуулалтын салбарт ч “тод мөртэй”. Барилга барихад наад зах нь зураг төслийн стандарт мөрдөхгүй, материалын чанар хангахгүй, ашиглалтад орсных нь дараа аюул, эрсдэл илэрдэг жишээ олон. Зам тавьсан ч ялгаагүй, өргөн, зузаанаас нь “иддэг” гэхчлэн мөн л стандарт баримтлахгүй тохиолдол нийтлэг. За тэгээд бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сав баглаанаас өгсүүлээд чанар хангах юм биш. Өдөр тутмын үйлчилгээ нь хүртэл нэг тийм сэтгэлд хүрэхгүй. Тэр хэрээр бид ч үүнд дасаж, хүлцэнгүй болцгоосон. “Үсээ тайруулсан чинь ийм богинохон болгоод хаячихлаа, арай ч дээ”. “Хоол нь үнэхээр амтгүй юм”. “Даашинзаа хасуулах гээд оёдолчинд өгтөл эвдчихсэн байна”. “Шилжүүлсэн данс нь ил байхад цагдаа нар залилагчийг илрүүлэх боломжгүй” гэх мэтээр авьяас, ур чарваргүй, мэдлэг, сэтгэлгүйн жишээг нийтээрээ яриад л өнгөрдөг. Угтаа бол энэ нь өсөж дэвждэггүй, хөгжиж суралцдаггүйн гай юм шүү дээ.
Хамгийн ноцтой нь монголчууд буй байдлаа, стандарт мөрддөггүйгээ, дүрэм журам баримталдаггүйгээ ур чадварын хомсдол гэхээсээ илүүтэй өөрсдийгөө “хар” ухаантай, эв дүйтэй мэтээр эндүүрч, бусдаас илүү гэж итгэдэг нь асуудал юм. Монголчлох сэтгэлгээ, арга гэгч нь бүтээлч байдал огтоос биш. Эсрэгээрээ аюул, эрсдэл, санхүүгийн алдагдал, эрүүл мэнд, амиараа ч хохирч болзошгүй хийсвэр ойлголт гэдгийг ур чадварын дээрх тайлан ч харуулж буй юм. Авьяас, ур чадваргүй байдал нь зөвхөн тухайн ажлыг гүйцэтгэж буй хүнд хамаатай бус, үйлчилгээг хүртэгчдэд гол нөлөөтэй гэдгээрээ чухал ач холбогдолтой. Ур чадваргүй бол ажлын бүтээмж үгүй. Бүтээмжгүй бол цалин орлого, ахуй хангамж ч сайжрахгүй нь ойлгомжтой гэсэн үг.
IMD-гийн тайланд Монгол Улсын ажиллагсдын урам зориг хамгийн сул үнэлэгдсэн байдаг. Энэ нь удирдлагын чанар, институцийн зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоотой шууд холбоотой гэдгийг дурджээ. Монголд ялангуяа удирдах түвшинд менежмент гэх ойлголт байдаггүй, танил тал, улс төрийн хамаарал ихэнхдээ давамгайлдаг нь нууц биш болсон асуудал. Чадамжгүй удирдлага авьяас, ур чадварыг ажилтнуудаасаа шаардаж мэддэггүй. Ийм хандлага нь гүйцэтгэлийн тогтолцоонд хүний нөөцийн чадамж дундаж, сул үнэлэгдэхэд голлон нөлөөлдөг аж.
УЛС ОРНУУД АВЬЯАСЛАГ ХҮНИЙ НӨӨЦ ТАТАЖ, ХАДГАЛЖ ЧАДДАГ
Иргэд өөрсдөөсөө чанар шаарддаггүй, хямдыг илүүд үзэж, “ингээд л боллоо” гэсэн сэтгэлгээг эртнээс хэвшүүлчихсэн. Төр боловсролын чанарыг бус, тоог чухалчилж, стандартын хэрэгжилтийг бодитоор хянаж чаддаггүй. Хувийн хэвшил сургалт, хөгжлийг зардал гэж харж, богино хугацааны ашигт хэт төвлөрдөг. Эдгээр доголдол нь Монгол Улсыг авьяас, ур чадварын хувьд дэлхийд сүүл мушгих гол үзүүлэлт болжээ. Харин олон улсын жишээ үүнийг өөрөөр харуулдаг. Швейцар, Люксембург, Исланд зэрэг улс мэргэжлийн боловсролыг их сургуультай эн тэнцүү авч явж, насан туршийн сургалтыг хэвшүүлэн, стандартыг хатуу хэрэгжүүлдэг юм байна. Ажилтны урам зориг, ажлын орчин, амьдралын чанарыг эдийн засгийн бодлогын нэг хэсэг гэж үздэг. Тийм ч учраас тэд авьяаслаг хүний нөөцийг татаж, хадгалж чаддаг гэж тайланд онцолжээ. Тэгвэл бидэнд гарц гаргалгаа бий юү. Яаран үр дүн амлах нь шийдэл биш бөгөөд хамгийн гол нь стандарт хэрэгжүүлэхийг шаардаж, ажлын чанар, гүйцэтгэлд нь хяналт тавьдаг, хариуцлага тооцдог тогтолцоо бий болгох шаардлагатайг учир мэдэх хүмүүс хэлж буй. Тэр дундаа мэргэжлийн боловсролын нэр хүндийг сэргээж, ур чадварыг үнэлдэг, чухалчилдаг соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй гэв. Улмаар удирдлагыг албан тушаал гэдэг өнцгөөс нь харалгүй, хэт хөөргөлгүй, мэргэжил хэмээн үзэж, чадамжтай менежерүүдийг системтэй бэлтгэх, бүх салбарт ажилтнуудын урам зориг, эрүүл мэнд, ажиллах орчныг цалинтай нь хамт сайжруулахгүй бол 69 дүгээр байр эцсийн цэг биш, “эхлэл” байна гэдгийг тайланд ч сануулж. Өөрөөр хэлбэл, стандартгүй сэтгэлгээ, ур чадварыг үнэлдэггүй нийгмийн гор нь гудамжинд гарч ирж, үүнээс ч уруудах эрсдэлтэй гэсэн санаа. Хүний нөөцийн авьяас, ур чадвар нь байгалийн баялаг шиг нөхөгддөг зүйл биш. Түүнийг бодлогоор тарьж, соёлоор усалж, хариуцлагаар хамгаалж байж бий болгодог гэдгийг улс орнуудын индексийн эмхэтгэл тод харуулжээ.