Сүхбаатар аймгийн Баруун-Уртад үйл ажиллагаа явуулдаг “Алтан цацрал” хоршооны дарга Л.Халтартай орон нутаг дахь газар тариалангийн салбар, хоршоодын хөгжлийн талаар ярилцлаа. Тэрбээр эмч мэргэжилтэй ч газар тариалангийн салбарт 25 дахь жилдээ ажиллаж буй нэгэн. Ялангуяа хоршоог хөгжүүлэхэд анхаарч, аймагтаа төдийгүй улсдаа анхны хоршоодын нэгийг байгуулж байв.
-“Алтан цацрал” хоршоогоо хэзээ байгуулав. Танайх Монголын анхдагч хоршоодын нэг гэсэн. Тухайн үеийн үйл явдлаас хуваалцахгүй юу.
-Сүхбаатар бол социализмын үеэс л үр тарианы үйлдвэрлэл, ялангуяа хадлан бэлтгэлээр улсдаа дээгүүрт орж, нэгдлүүд нь махны чиглэлийн хонь үржүүлдэг, мөн гурилын үйлдвэртэй, аж ахуйгаа түшиглэсэн томоохон хороололтой аймаг байсан. Ийн ажиллаж байтал зах зээлийн нийгэмд шилжин өмч хувьчлал явагдаж тариаланчид ажилгүй боллоо. Ингэсээр шинэ мянганы зааг үе 1999 он дөхлөө. Тэр үед Монголын радиогоор “Хоршооны радио дуу хоолой” гэдэг нэвтрүүлэг цацагддаг байв. Ажилгүй хүмүүс чинь нэгнийдээ цуглаад радио сонсоно оо. Тэгээд ер нь хоршоо байгуулъя гэлцээд 72 гишүүнтэйгээр “Алтан цацрал”-ыг байгуулсан. Тухайн үед нэг хүн нэг саналын эрхтэйгээр 479 601 төгрөгийн хувь нийлүүлсэн бөгөөд 38.9 сая төгрөг босгож чадсан. Энэ нь газар тариалангийн чиглэлийн улсын хэмжээний анхны хоршоодын нэг болсон юм. Баруун-Уртаас 40 гаруй км-ийн зайд үр тариа, төмс, хүнсний ногоо тарьж эхэллээ. Гэсэн ч хоршоогоо бид 3-4 жил болоод л татан буулгасан. Үүнд банкны зээл олдохгүй, тарьсан бүтээгдэхүүнийг маань худалдан авах чадвартай хүмүүс цөөн, техник, тоног төхөөрөмжийн чадамж муу зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн. Бас 2000 оны үеэс хурдан удмын адууг манай аймагт олноор нь цуглуулж, бэлчээж, хариулдаг болсны улмаас тариан талбайд адуу орж талхлаад юу ч үгүй сүйтгэсэн.
-Тэгээд дахиад хоршоо байгуулсан юм уу?
-Анх хоршин ажиллаж эхэлсэн хүмүүс нь гарцгааж, үр тариа тарихаа больсон ч “Алтан цацрал” нэрээ бид хадгалж байсан. Тэгээд 2005 онд аймгаас таван га газар авч хүнсний ногоо, төмс тариалж эхэлсэн. Одоо бол 1200 ам метр хүлэмжтэй, 12 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж байна. Худагтай, түүгээрээ дуслын болон намираа, шонгийн усалгаагаар талбайгаа усалдаг. Хүлэмждээ өргөст хэмх, улаан лооль, гүзээлзгэнэ, навчит ногоо, эрт ургацын байцай тарьдаг. Бас нэрийн дэлгүүртэй. Манай аймаг 66 000 гаруй хүн амтай. Бид хүн амынхаа 30 хүртэлх хувийн хүнсний ногооны хэрэгцээг хангадаг юм. Эл хэмжээ нэмэгдэх ч боломжтой. Хоршоо маань 49 хүнтэй, тэдгээрээс 16 нь талбай, хүлэмждээ гардаж ажилладаг. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас мөрдүүлдэг Хөдөө аж ахуйн зохистой дадлыг бид хэрэгжүүлдэг. Энэ нь тухайн бүтээгдэхүүнийг хэзээ, хэрхэн ямар үрээр тарьсан, ургалтын явцад ямар бордоо, ургамал хамгааллын бодис хэрэглэсэн болон хэзээ хураасан талаарх бүх технологийг тэмдэглэн, мэдээллээ нэгтгэдэг гэсэн үг. Манай төмсийг “Халтарын төмс” гээд нэрлэчихсэн, худалдан авагч ч сайтай. Бас бид Төв, Сэлэнгэ аймгийн тариаланчдаас хөдөө аж ахуйн зохистой дадлаар тарьж ургуулсан бүтээгдэхүүн авч, аймгийнхандаа борлуулдаг. Товчхон хэлбэл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр орон нутгаа бүрэн хангах зорилготой ажилладаг.
-Ер нь орон нутагт газар тариалан эрхлэх, хүлэмжийн аж ахуй хөгжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд, хөрөнгө мөнгө “хаяад” өгвөл ямар ч ажил хийсэн бэрхшээх зүйл алга. Жишээ нь, төмс тарихад бидэнд “Монгол төмс” хөтөлбөр маш их дэм болсон. Эл хөтөлбөрийг улс даяар хэрэгжүүлснээр монголчууд импортоор төмс авахаа бүр больсон. Дараа нь “Монгол ногоо” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Бид ч хамрагдан, өдгөө хүнсний ногооны тариалалт жигд, боломжийн явж байгаа. Манай хоршоо 1200 ам метр зуны хүлэмжтэй. Хүлэмжид тарих ногооны төрлөө нэмэгдүүлэхэд “Монгол ногоо” хөтөлбөрийнхөн дэмжин, эрт ургацын байцай тарьдаг болсон нь нэг дэвшил. Байцайгаа долоодугаар сарын дундуур хураан авдаг.
Харин хүлэмжийн аж ахуй цогцоороо бараг хөгжихгүй байна. Өвлийн хүлэмж 1000 ам метрийг барихад нэг тэрбум гаруй төгрөг шаардлагатай юм билээ. Манай хоршооныхон судалж, ийм хүлэмжтэй болоход дэмжлэг үзүүлээч гэж аймгийн Засаг дарга байсан Ж.Батсуурьт санал тавьсан юм. Засаг дарга ч зөвшөөрч, төсвөөс 300 орчим сая төгрөгийн зээл олгоё гээд тендер зарласан. Гэтэл мөнгөн дүн нь бага байна гээд тендерт компаниуд оролцоогүй. Ер нь өвлийн хүлэмж барьвал урд хөршөөс мэргэжилтэн урьж, хамгийн сайн чанарынхыг барих хэрэгтэй юм билээ. Хэрэв бага зардлаар “монголчлоод” хийчихвэл хөрөнгө үрсэн л хэрэг болно.
-Танайх үйл ажиллагаагаа эхлүүлээд удаж. Хөнгөлөлттэй зээл аваад аж ахуйгаа илүү өргөжүүлээд явах боломж бүрдэхгүй байна уу?
-Бид зээлтэй. Улсаас хоршоог дэмжих санаачилга гарган, цөөнгүй ажил хийж байгаа нь талархууштай. Гэхдээ цогц бодлогоор, урт хугацаанд дэмжсэн зүйл алга. Ажлаа улс төрийн циклээр л, сонгуулийн давтамжтайгаар хийгээд байгаа хэрэг. 2012 онд “Хөдөөг хоршоолох аян” гээд л сүрхий чухал ажил эхлүүлсэн ч 2015 он хүрэлгүй замхарсан. 2024 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөн үүсгэж, бүх аймаг, сумаар төрийн албанынхан явцгаасан. За одоо л хоршоодыг дэмжих нь дээ гэж байтал зөвхөн малчдад, тодруулбал, зээлийн шаардлага хангахуйц малчдад л нэмж зээл олгоод явчихсан. Малчдын А дансыг үндэслээд л банк зээл өгсөн хэрэг. Түүнээс хуучин хоршоод, газар тариалан эрхлэгчдэд хүртээлгүй өнгөрсөн. Бас сонгууль болохыг дөхүүлэн яаран сандран хэрэгжүүлсэн ажил учраас малчид, тариаланчид, өрхийн үйлдвэрлэгчид юу бүрдүүлж, яаж бэлтгэж, хэрхэн тэр хөтөлбөрт хамрагдахаа мэдээгүй. Зарим нь авсан зээлээ буруу зарцуулсан, одоо ч төвхнөөгүй, олигтой хоршоо үүсээгүй хэвээр байна. Үүнээс гадна төсөл, хөтөлбөрүүд, хөнгөлөлттэй зээлүүдийг дундаж давхаргынхан, ажил хийе гэсэн хүмүүс нь авч, хэрэгжүүлж, үр шимийг нь хүртэж чадахгүй байна. Барьцаа хөрөнгө ихтэй, өмнө нь зээл авч байсан, харилцаа холбоо сайтай хүмүүс л нэмж зээл авч “томордог” жишиг тогтож.
-Хөрөнгө мөнгөний асуудлаас өөр ямар бэршээл байна вэ?
-Газар тариалангийн салбар хүний нөөцийн хомсдолд орсон шүү дээ. Одоо бол дээр үед эл салбарт ажиллаж байсан ахмадууд голдуу л зүтгэж байна. Тиймээс бид ажилдаа туслуулахаар Улаанбаатарт амьдарч байсан хоёр охин, бас хүргэнээ Баруун-Уртад төвхнүүллээ. Манайх долоон хүүхэдтэй. Тэднээс хоёр нь, би нөхөртэйгөө дөрвүүлээ л ажиллааад байгаа хэрэг.
-Хоршооны ашиг тус юундаа байдаг юм бэ. Орон нутагт хүмүүс хоршин ажиллаж чадаж байна уу?
-Манай аймаг 77 хоршоотой. Үүнээс дийлэнх нь түүхий эд бэлтгэдэг бол хадлангийн 3-4, сүүний чиглэлийн есөн хоршоо бий. Өнгөрсөн онд сүүний үйлдвэр байгуулагдсан. Миний санаа оноогоо оруулж, чиглүүлж өгсөн есөн хоршоо тус үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр болсон нь сайхан хэрэг. Сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжид шаардлагатай 300 гаруй сая төгрөгийн талыг нь НҮБ, үлдсэнийг нь төсвөөс гаргасан юм байна лээ. Есөн хоршоо таван сая, нийт 45 сая төгрөгийн хөрөнгө нийлүүлж, сүүний үйлдвэрийн ханган нийлүүлэгч болсон. Аймгийн хүүхдүүдийн үдийн цай хөтөлбөрт сүү өгдөг болсон. Өвөл, зунгүй тогтвортой ажиллуулах зорилгоор ахиад сүүний чиглэлийн үхэр 300 сая төгрөгөөр авч өгөх юм гэсэн. Ингээд тал талаасаа дэмжээд, хамтраад ажиллавал хөдөөг хөгжүүлэх боломж байна. Манай аймгийн “Хоршоодын холбоо” нь Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоотой хамтран ажилладаг. Хоршоо бол тогтвор суурьшилтай ажилладаг, орон нутгийнхаа, тухайн бүсийнхээ нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, хамгийн гол нь хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлийн эрүүл хүнс үйлдвэрлэдэг томоохон салбар гэж би боддог. Бас шударга, бие биедээ хяналт тавьдаг, ардчилсан, нэг түвшинд гишүүдийнх нь амьжиргаа дээшилж байдаг зарчимтай. Компани гэвэл эзний өмч болдог харин хоршоо чинь хоршоологч бүрийн өмч байдгаараа онцлог. Тиймээс хоршооны хөдөлгөөнийг идэвхжүүлж өрхийн үйлдвэрлэгчид, тариаланчид, малчдыг хамруулж, зөв бодлогоор ажиллуулбал Монголд дундаж давхаргынхан олшрох, хөдөөд ажлын байр бий болох олон ач холбогдолтой. БНСУ, Япон зэрэг улсад төрийн бодлогоор иргэдээ хоршин ажиллахыг дэмждэг юм билээ.
-“Шинэ хоршоо” хөдөлгөөн орон нутагт төдийлөн өгөөж өгсөнгүй тийм үү. Уг нь чамгүй их хөрөнгө зарсан юм билээ.
-Тэгж хэлж болно. Голдуу малчдын А дансыг үндэслээд л зээл олгочихсон. Малчид угаасаа банктай харилцаж сурсан, малын тоогоор зээл авдаг. Уг нь шинэ, хуучин хоршоо гэж ялгалгүй зээл олгох ёстой байсан. Түүнчлэн Хоршооны тухай хуульд багадаа есөн гишүүнтэй байх хэрэгтэй гэж заасныг арай олшруулж өгөх ёстой санагддаг. Ядаж 20 бүр 50 хүн хоршиж байж дунд зэргийн үйлдвэр, дундаж ферм үүснэ. Түүнээс есөн хүн тав, таван сая төгрөг нийлүүлж хоршоод 45 саяар хийх ажил бага, үйл ажиллагаа нь өргөжиж чадахгүй байсаар тарах магадлалтай. Бас заавал газар тариалан эрхлэгчид гэлтгүй малчид хоршиж ажиллавал илүү үр дүнтэй. Орон нутагт байгалийн эрсдэл өндөр, олон хавар нэгэндээ гэгчээр л ган, зуд болдог. Тиймээс хөдөлмөр, хүчээ зөв хуваарилж, ажлаа хоршиж хийвэл илүү үр дүнтэй. Малчдын хувьд гишүүн төвтэй хоршоо цөөн шүү дээ. Түүхий эдийн ченжүүд хоршоо байгуулаад, хоршоо болж тоглоод байгаа хэрэг. Үүнээс гадна төрийн албаныхны чадвар муу байна. Залуухан, тушлага, мэдлэг муутай “хүүхэд” орон нутагт хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн гээд очдог. Малчид, тариаланчид, ногоочдыг яаж илүү сайн амьдруулж, хөгжүүлж, санхүүгийн боловсролд нь хэрхэн нэмэр болох талаар зааж зөвлөх юм алга. Жишээ нь, манай аймгийн 12 сумыг дөрөв, дөрвөөр нь хувааж аваад л уулзалт хийгээд явж болмоор доо. Шинжлэх ухаанч, олон улсын хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй зөв жишгийг зааж, иргэдтэйгээ төрийн албан хаагчид нь хамтран ажилламаар байгаа юм.
-Малчид хоршоо байгуулсны сайн тал нь юу байгаа бол?
-Түвшинширээ сумд нэг хоршоо бий. 150 орчим гишүүнтэй. 100 000 төгрөгөөр хувь нийлүүлж, хоршоо байгуулсан юм билээ. Тэгээд явц дундаа үл ойлголцол үүсжээ. Тэгээд аймгийн “Хоршоодын холбоо”-ны даргын хувиар намайг дуудаад хурлаа хийе, бид ер нь цаашид хэрхэн ажиллах вэ гэж асуулаа. Юуны түрүүнд хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээг өсгөн нэг сая төгрөг болгов. Үүнийхээ 500 000-г бэлэн мөнгөөр, үлдсэнийг нь мах, түүхий эд зэргээр бүрдүүлэхээр болсон. Ингээд гишүүдийнх нь тал нь гарч, 85 хүн үлдсэн. Тэгээд 2023 оны намар махаа, мөнгөө нийлүүлж мөн өвлийг өнтэй давахаар хашаа, саравчаа хамтран барьж, хадлан тэжээлээ сайн базаасан. Үүний үр дүнд 2023-2024 оны зудыг ажралгүй давсан.
Малчид бол бүр илүү сайхан амьдрах, хөрөнгөжих боломж байна. Чинээлэг малчин гаднаа 4-5, арай даржин амьдралтай нь 2-3 төрлийн автомашинтай болсон. Тэгсэн хэр нь зуд болоход малаа барчих магадлалтай. Үүнийг өөрчилье, чанартай амьдралтай, бодит хөрөнгөтэй, чинээлэг малчид болъё. Үүний тулд мэдлэг, мэдээлэл бас дээр дурдсан төрийн албаныхны хамтын ажиллаагаа чухал. Бас малчид цөөрч байгаа учраас хоорондоо нийлж ажлаа хийх, хоршоолох нь тун боломжийн шийдэл. Уг нь малчид маань гоё болоод л байна. Малчин бүсгүйчүүдийн хувцас, эд хэрэгсэл, гоо сайхан харьцангүй өөр болсон. Эрчүүд ч дутахгүй сайхан хувцасладаг, хэрэглээ өндөртэй болсон. Үүнийгээ улам бүр тодотгож, орон нутгийнхан маань, малчид, тариаланчид бид эрүүл чийрэг, эд хөрөнгө арвин, сэтгэл түвшин сайхан амьдардаг болох сон.
-Та эмч мэргэжилтэй гэсэн. Хэзээнээс газар тариалан эрхэлж эхлэв. Яагаад ер нь эл салбарт ажиллах болсон юм бэ. Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Би 1975-1979 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг төгсөн, эх барих, эмэгтэйчүүдийн бага эмч мэргэжил эзэмшсэн юм. Дараа нь АШУҮИС-д мэргэжил дээшлүүлэн дээд боловсролтой болсон. Эх барих эмэгтэйчүүдийн болон сургуулийн эмчээр 20 гаруй жил ажиллажээ. Харин манай гэр бүлийн хүн Л.Магнайбаяр нь хуучнаар ЗХУ-ын Омск хотын техник мэргэжлийн сургуулийг трактор, комбайнч мэргэжлээр төгсөн, 1981 онд Сүхбаатар аймагт газар тариалангийн үйлдвэрлэлийг сайжруулахаар томилогдож очсон юм. Хань минь хадлангийн салааг ахлан ажиллаж, салаа нь улсын гурван удаагийн аварга болж байв. Үр тарианы бригад нь ч улсад хоёр удаа аварга болсон түүхтэй. Хоршоо болж ажиллаад бид улсын тэргүүний тариаланч хамт олон, улсын тэргүүний хоршоо ч болсон. Гэр бүлийнхээ хүний нөлөөгөөр гэх үү, газар тариалангийн салбарт шилжин ажиллаж дээ. Цаашид бид “яавлаг”-аа тарьж сурах зорилт тавьсан. Саяхан би “Монголын жимс, жимсгэнийн холбоо”-ныхонтой уулзаж, жимсний аж ахуйг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Дундговь аймагт “яавлаг” тариад эхэлчихсэн юм байна. Бүр хоёр га газарт тариад, амтлаг алим хурааж байгаа аж. Энэ миний санаанд бүр багтаад ирлээ. Ерөөсөө ядаж “яавлаг”-аа тарья, алимаар орон нутгаа хангая гэж зорьж байна.
-Малчид, орон нутгийн иргэдийн амьдрал ахуй ер нь ямар байна вэ. Цаашид юу хийвэл зохилтой бол?
-Малын мах, ноолуурын чанараар манай аймаг алдартай. Цаашид өсвөр малыг өсгөх буюу хурганы мах бэлтгэн борлуулбал илүү их ашигтай санагдсан. Бас малчин, малын эмч, хоршоо гурав хамтран ажиллах ёстой. Малын мах, түүхий эдийг бэлтгэхдээ ч хөдөө аж ахуйн зөв дадлыг хэрэгжүүлж, вакцинжуулдаг, вакцины дархлаа тогтсоноос хойш зөв үед нь төхөөрөх гэх мэтээр эрүүл мах бэлтгэж сурмаар байгаа юм. Нэмээд хэлэхэд, хөдөө, хотын ялгаа арилсан. Нийслэлд болон бусад улс оронд хэрэглэж, өмсөж, идэж байгаа бүх зүйл хөдөө бий. Хөдөлмөрлөж чадвал, болж өгвөл улсаас бага хүүтэй зээл, газрын асуудлыг нь шийдээд өгвөл хөдөө сайхан амьдрах боломж бүрэн бий. Гол нь газрын асуудал. Үржил шимтэй, гол болон авто замд ойр сайхан газар иргэдэд олддоггүй. Гэтэл Баруун-Уртаас 40 орчим км зайтай хуучин сангийн аж ахуйн тариалангийн талбайн газрыг хятдуудад түрээслүүлчихсэн юм уу, хар тамхины ургамал тарьсан хэрэг гарсан. Монголчууд, орон нутгийнханд олдохгүй газарт яагаад гадаадын хүн ажиллуулав, яагаад хориотой өвс, ургамал тарив гэдэг чинь тун ноцтой асуудал байгаа биз дээ. Энэ мэт зүйлд санаа бас чилж, үгээ хэлмээр байх юм.