Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Монгол Улсын 2027-2029 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын тайлан”-гийн үр дүнгийн талаар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийв. Манай улсын 2025 оны эдийн засгийн дотоод өсөлт ахисан боловч энэ нь дунд хугацаанд тогтвортой үргэлжлэх боломж хязгаарлагдмал байгаа аж. Тиймээс төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ гадаад, дотоод орчны эрсдэлийг харгалзаж, зарлагыг хэт нэмэхгүй байх, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бодитой тооцох, төсвийн төлөвлөлтийг хөгжлийн бодлоготой уялдуулах шаардлагатай гэв. Мөн дунд хугацаанд төсвийн байдалд нөлөөлж буй эрх зүйн орчны өөрчлөлт, зарлагын өндөр өсөлтөд ихээхэн анхаарах шаардлагатайг тэд сануулсан юм. Цаашид төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь, алдагдлыг үргэлжлүүлэн бууруулах, хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, үр ашгийг дээшлүүлэх, дэс дараалал бүхий бодлого баримтлахын чухлыг тус зөвлөлийнхөн анхааруулж байлаа. Мөн өнөөдөр эхлэх УИХ-ын хаврын чуулганаар Татварын багц хуулиудыг хэлэлцэнэ. Тиймээс энэ мэт томоохон хуулийн өөрчлөлт төсөвт хэрхэн нөлөөлөхийг ч харгалзан үзэхийг зөвлөв.
С.Уул