Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд төрийн өмчит компаниуд дахь давхардал, хийдлийг арилгаснаар “Чингис хаан баялгийн сан” нэгдлийн 14 компанийн орон тоог 260-аар цөөлж, захиргаа, түрээсний зардлаас 67.3 тэрбум төгрөг хэмнэжээ. Өнгөрсөн баасан гарагт тус нэгдлээс зохион байгуулсан “Төрийн өмчит компаниудын шинэчлэл ба өвөлжилтийн бэлтгэл” сэдэвт тайлангийн хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр ийнхүү танилцуулсан юм. Тэрбээр мөн “Чөлөөлье” бодлогын гол цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэл гэдгийг дурдаад, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг өнгөрсөн хавар баталснаар ил тод байдал, хяналт, хариуцлагын тогтолцоо сайжрах, иргэдэд хүртээх баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шинэчлэлийн суурь бүрдсэнийг тодотгов. Эл хуулиар төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны тайланг дарга, удирдлагууд нь өөрсдөө хянаж, ярилцах биш, эрх барих төлөөллийн дээд байгууллага болох УИХ-аар хэлэлцүүлж, иргэдэд нээлттэй мэдээлэх боломж бүрджээ.
Компаниудын засаглал, хяналт, хариуцлагыг сайжруулах чиглэлээр цаашид анхаарч ажиллах хэд хэдэн асуудал бийг ЗГХЭГ-ын дарга энэ үеэр хэллээ. Үүнд, төрийн өмчит компаниудын санхүүгийн зөрчлүүдийг арилгаж, сахилга хариуцлагыг чангатгах, шинээр байр, оффис худалдан авахыг хориглох, тэвчиж болох урсгал зардлуудыг танах, төрийн хөрөнгийн менежментийг сайжруулах замаар оновчтой зохион байгуулалт хийх, үйлдвэрлэлээ өргөжүүлж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, хөрөнгө оруулалт татах зэргийг нэрлэв.
Ж.Сувд