Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Засгийн газрын бүтцийн тухай саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн мэдүүлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын бүтцийн талаарх уг саналд даруй хариу өгөхөө илэрхийлсэн байна. Шинэ Засгийн газрыг 12 яам, 50 агентлагтай байгуулна гэж яригдаж байсан ч өчигдрийн өргөн мэдүүлснээр 16 яамтай болсон тухай мэдээллээ. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийн сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр, яамдыг ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн гэж ангилсан байна. Ерөнхий чиг үүргийн яамдад Байгаль орчин, ногоон хөгжлийн, Гадаад харилцааны, Хууль зүйн, Сангийн гэсэн дөрвөн яам багтжээ. Чиглэлийн яамдад Барилга, хот байгуулалтын, Батлан хамгаалахын, Боловсрол, шинжлэх ухааны, Зам тээврийн, Соёл, спорт, аялал жуулчлалын, Уул уурхайн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн, Хөдөлмөрийн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын, Эдийн засгийн хөгжлийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн яам орж байгаа аж. Дээрх 16 яамны сайдаас гадна Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын тэргүүнийг нэмэхээр нийт 19 сайдтай болох гэнэ. Түүнчлэн яам тус бүр нэг дэд сайдтай байх юм байна. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барих бөгөөд үдээс хойшдоо холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Хэрэв тэгж чадвал сайд нарын нэр өнөөдөр тодорно.