Өчигдөр үдээс хойш товлоод байсан УИХ дахь АНын бүлгийн хурал өнөөдөр болохоор хойшиллоо. Түүнчлэн 16 цагт эхэлсэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хурал завсарлав. Уг нь тэд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцэх байсан ч Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж, Ерөнхийлөгчид өргөн барих төсөлтэй нь танилцахаар завсарлажээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцийг Ерөнхийлөгчид өргөн барьсны хойхно өдөржин хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хурал тарж, тус бүлгийн дарга Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. МАН-ын бүлэг УИХ-ын Байнгын хороодод харьяалагдах гишүүдийнхээ саналыг авч, өнөөдөр өглөөнөөс эхлэн Байнгын хороодын бүрэлдэхүүнд орж ажиллахаар тохиролцсон байна. МАН-ын бүлэг өчигдөр үдээс өмнөх хуралдаанаараа УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболдыг дэвшүүлэх тухай хуулийн төслийг УИХын даргад өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн долоодугаар сард хуралдахдаа УИХ-ын дэд даргад М.Энхболдыг, УИХ дахь МАНын бүлгийн даргад Н.Энхболдыг томилох санал гаргаж, энэ нь бүлгээр дэмжигдэж байсан билээ.