Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл нээлттэй болохтой зэрэгцэн хэн, аль яамны сайд болох тухай
мэдээлэл ч Ерөнхий сайдын цүнхнээс “алдуурав”. Төрийн ордонд өчигдөр доорх нэрс ил байлаа.
Шадар сайд Д.Тэрбишдагва (“Шударга ёс” эвсэл)
ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг (АН)
Ерөнхий чиг үүргийн яамд:
1.Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд
С.Дэмбэрэл(ИЗНН)
2. Гадаад харилцааны сайд Л.Болд (АН)
3. Сангийн сайд М.Энхсайхан (“Шударга ёс”)
4. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин (АН)
Чиглэлийн яамд:
5. Барилга, хот байгуулалтын сайд А.Гансүх (АН)
6. Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж (АН)
7. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр (АН)
8. Зам тээврийн сайд Б.Ариунсан (АН)
9. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд
Ц.Оюундарь(АН)
10. Уул уурхайн сайд Г.Батхүү (АН)
11. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
Х.Баттулга (АН)
12. Хөдөлмөрийн сайд Ц.Оюунгэрэл(АН)
13. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
Р.Амаржаргал (АН)
14. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр(АН)
15. Эрчим хүчний сайд М.Сономпил (”Шударга ёс”)
16. Эрүүл мэндийн сайд Н.Удвал (”Шударга ёс”)
“Шударга Ёс” бҮлэгт хуваарилалт шог санагдав
УИХ дахь МАХН-МҮАНын “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцээд энэ асуудлаар Ажлын хэсэг байгуулахаар шийджээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилсныг “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдэд мэдээлэв. Эвсэл АН-тай Засгийн газарт хамтран ажиллах бөгөөд 16 яам, 19 сайдтай байх бүтцийг хүлээн зөвшөөрч, дөрвөн сайдын квот өвөртлөөд буй билээ. “Яамдын эрхлэх асуудал, зарим чиг үүргийг оновчгүй хуваарилсны сацуу орхигдсон, эргэлзээтэй зүйлүүд ч байна” гэж “Шударг ёс” эвслийн бүлэг Ерөнхий сайд Н.Алтанхуягаас УИХ-ын даргад өргөн бариад буй Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байна. Хууль зүйн сайд энгийн виз олгох асуудлыг эрхлэх болсныг Гадаад харилцааны яаманд үлдээх хэрэгтэй гэж үзжээ. Түүнчлэн Уул уурхайн яам түлшний хангамжийн асуудлыг эрхлэх бус, Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд байх ёстой гэв. Төрийн өмчийн хороог Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд харьяалсныг өөрчлөх шаардлагатай” гэж Н.Батцэрэг бүлгийнхээ байр суурийг уламжиллаа. Эвслийн Ажлын хэсэг өчигдөр үдэд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар хуралдаж, Ерөнхий сайдын мэдээллийг сонссон боловч эцсийн шийдвэрээ өнөөдөр гаргахаар төлөвлөжээ. Тэд өчигдөр мөн УИХ-ын даргатай уулзаж, чуулганы нэгдсэн хуралдааныг зарлахгүй байхыг хүссэн байна “Шударга ёс” эвслийн бүлгээс шинэ Засгийн газрын Шадар сайд, Сангийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яамны сайдыг томилох юм.
Н.Алтанхуяг өнөөдөр МАН-ынхантай уулзана
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр мөн л ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гүйцэтгэх засаглалын бүтцийн өөрчлөлтийн тухайд ямар нэгэн шийдэлд хүрсэнгүй. УИХ-ын даргад хэдийнэ өргөн барьсан эл төсөл харин МАНынханд хожуухан ирсэн тул танилцаж амжих хугацаа байгаагүй аж. Ийнхүү тус бүлэг Ажлын хэсэг байгуулж, өнөөдөр дахин хуралдахаар товлоод завсарлажээ. МАН-ын бүлгийн Ажлын хэсэг өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар мэдээлэл сонссоны дараа бүлэг байр сууриа илэрхийлэх юм.
Д.Эрдэнэбат: АН уламжлалыг сахих албагүй
“Ард түмэн Ардчилсан намыг бодлогоо хэрэгжүүл гэж сонгосон. Бид өөрсдийн бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд урьд өмнө үйлчилж байсан уламжлалыг сахих албагүй. Тиймээс АН эмхлэн байгуулах Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийлээ” гэж УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны дараа тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдэгдэв. Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч 43 агентлагийг 28 болгож цөөлөхдөө ажил үүргийг нь яамд, төрийн бус байгууллагуудад шилжүүлэхээр төлөвлөжээ. Агентлагуудад ажиллаж буй 3300 албан хаагчийн тоог цомхотгох асуудал тавигдах бөгөөд яамдын орон тоог ч эргэж харах шаардлага тулгарахыг үгүйсгэсэнгүй. Хэнийг сайдаар томилох, тухайлбал, УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн хүмүүсийн нэрийг сайдад санал болгохгүй тухайд Д.Эрдэнэбат “Ерөнхий сайд хэнийг оруулж ирэх нь түүнээс л хамаарна. Ер нь Засгийн газрыг шинэ хүмүүсээр бүрдүүлэх болов уу гэж бодож байна” хэмээлээ.