Нийслэлийн иргэний танхимд “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр өрнүүллээ. Хэлэлцүүлгийг нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од эхлүүлж, зам засвар, шинэчлэлийн ажлын явцын талаар танилцуулав.
Дараа нь Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат “Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний санал”-ыг оролцогчдод танилцуулсан. Тэрбээр “Энэ онд нийслэлийн зам засвар, шинэчлэлийн ажилд улсын болон нийслэлийн төсөв, Хөгжлийн банк, Замын сангийн санхүүжилтээр 70 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Замын ажилд зарцуулах хөрөнгө мөнгө нэмэгдсэн ч автомашины тоо өссөн, дээрээс нь бороо хур элбэг байснаас болж зам засварын ажилд саад учруулж байна” гэв. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах саналуудын дунд 15 мянга гаруй төрийн албан хаагчийг хувийн унаанаас нь татгалзуулж, нийтийн тээврээр зорчуулах, мөн төлбөртэй зогсоолын тоог 24 байршилд шинээр байгуулах зэрэг 14 санал багтжээ. Түүнчлэн нийтийн тээврийн хэрэгслийн нэгдүгээр эгнээгээр зорчих хэсгийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Улаанхуарангаас Баянгол дүүргийн “25 дугаар эмийн сан” хүртэл сунгах тухай ярьж байв. Ингэснээр нийтийн тээврийн хэрэгслүүд саадгүй явах бөгөөд хувийн унаагаар зорчих явдал багасна гэж үзэж байна.
Дээрх саналуудыг хэлэлцээд боломжтойг нь энэ сарын 25-наас хоёр сарын хугацаатай хэрэгжүүлэхээр болсон юм. Үүний дараа нийслэлийн иргэдийн төлөөлөл хотын удирдлагуудад асуулт тавьж, санал бодлоо хэлсэн юм. “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд тээврийн хэрэгслийг улсын дугаарын хязгаартайгаар хөдөлг өөнд оролцуулах шийдвэрийг Иргэн Ж.Дондов дэмжсэн юм. Нийслэлд жилд 20-30 мянган автомашин нэмэгдэж байхад замыг хоёр см-ээр өргөтгөх зэрэг аргацаасан зүйл яриад хэрэг байхгүй. Хот доторх нийтийн тээвэрт төмөр замыг ашиглах хэрэгтэй гэсэн саналуудыг ч иргэд зүйтэй гэж үзэв. Мөн замын асфальтын чанар муу байхад мэргэжлийн байгууллага хяналт тавьдаггүй тэд шүүмжлэв. Харин Эдийн засагч Д.Жаргалсайхан “Нийслэлд зам тээврийн осол их гардаг. Гэтэл осол замын чанаргүй байдлаас болсон гэсэн статистик үзүүлэлт байдаггүй. Замын чанарыг шалгахад даатгалын компанийг оролцуулах нь үр дүнтэй байх болно” гэв.
Ийнхүү албаны болон иргэдийн үгийг сонссон хотын удирдлагууд замын асуудлыг яаралтай шийдвэрлэхээ хэлж, дараагийн хэлэлцүүлгийг газрын асуудлаар хийхээ мэдэгдсэн юм. Хотын дарга Э.Бат-Үүл “Хоёр сарын хугацаанд иргэдээс ирсэн саналыг хэрэгжүүлж, замын хөдөлгөөнийг бууруулах ямар нэг гарц, шийдвэрлэх арга замыг тодорхой болгоно. Нэн тэргүүнд замын чанарыг сайжруулах асуудал тавигдана” хэмээв. Мөн тэд Замын хөдөлгөөний удирдлагын төвөөр орж, замын ачааллыг хэрхэн зохицуулж буй байдалтай танилцсан юм.