Сонгуулийн дараа улс төрийн амьдралд бий болсон олон таамгийн зангилааг шаргал ордонд төвлөрсөн АН-ынхан дэлгэж эхэллээ. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр өглөө эртлэн УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлснээс үзвэл гүйцэтгэх засаглалын бүтэц, бүрэлдэхүүн нэлээд “таргалжээ”. Сонгуульд ялсан намын атган дахь хөзрөөр Засгийн газрын хуучин бүтцийг эрс өөрчилж, 11 яамыг 16, 15 сайдыг 19 болгож “зузаатгасны” гадна уг төсөл ёсоор өнөөг хүртэл ажиллаж буй 43 агентлагийн тоог 28-д хүргэсэн нь эрс цомхотголд тооцогдохоор байна. Одоогийн байдлаар Засгийн газрын агентлагуудад 3300 орчим албан хаагч ажиллаж буй юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХын даргад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн барьсныхаа дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.
-Та сая УИХ-ын даргад Засгийн газрын бүтэц, бүрэл дэх үүний тухай хуулийн төсөлтэй хамт сайд нарын нэрсийг өргөн мэдүүлэв үү?
-Бүтцийн тухай гэдэг нь хэчнээн яам, хэдэн сайдтай байх, бүрэлдэхүүн гэдэг нь аль, аль яамны сайд байх тухай асуудал. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль батлагдсаны дараа би сайд нарынхаа нэрсийг санал болгоно.
-УИХ-ын гишүүдээс сайдад нэр дэвших хүн цөөнгүй байгаа сураг сонсогдож байна?
-Сайд бол тоглоомын ажил биш. Улс орны бүхэл бүтэн салбарыг хариуцлагатай удирдаж, ажилласан шиг ажиллах чадвар нь чухал. Тиймээс би танхимынхаа сайд нарт өдөрт 12-оос доош цаг ажиллахгүй гэсэн шаардлагыг ч тавих болно.
-Яамд дэд сайдтай байх уу?
-Тийм.
-Яамдын тоог таваар нэмэгд үүлсний учир юу вэ?
-Яагаад нэмчихэв гэсэн асуулт гарч байгаа. Тухайлбал, улс орны хөгжлийг тодорхойлдог Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нь агент лаг учраас бусад яамтай шууд харилцаж, асуудал шийдвэрлэхэд хэцүү. Тиймээс статусыг нь Эдийн засаг, хөгжлийн яам болгох нь зүйтэй гэж үзсэн. Эрдэс баялаг, эрчим хүчний яамыг Уул уурхайн, Эрчим хүчний яамдад салгаж байна. Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, сайд нарын үүрэх хариуцлагыг дээшлүүлэх зорилготой. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамыг мөн хоёр салгана. Хоёр том салбарыг нэг яаманд хариуцуулснаар аль алиныг нь унагасан шүү дээ. Барилга, хот байгуулалтын яаманд нийслэл болон аймгуудын төвийн хөгжлийг хариуцуулна. Аймгийн төвдүүдийг хот болгохын тулд шинээр төлөвлөлт хийж, нүүдлийг сааруулна. Зам тээврийн яамны хувьд энэ зуны бороонд угаагдаад энхэл донхол болсон Улаанбаатарын замаас эхлээд хийх ажил их бий. Соёл, спорт, аялал жуулчлалын салбарыг тусгайлан хариуцсан Монголын брэнд болох яам байгуулж байна. Монголын соёл, урлаг, спорт, аялал жуулчлалыг анхааран хөгжүүлэх ёстой. Өнг өрсөн дөрвөн жилд БСШУЯ дээд боловсролд өөрчлөлт хийж чадсанг үй. Соёлыг боловсролтой хавсаргаж болохгүй юм гэдэг үүнээс харагдаж байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг салгах зайлшгүй шаардлагатай. АН-ын мө- рийн хөтөлбөр иргэдээ ажилтай, орлоготой болгоход чиглэсэн учраас бид Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулна. Хүнээ ажилтай болгоно гэхээр л жижиг, дунд үйлдвэрийн асуудал гэж үздэг. Гэтэл энэ бол ажлын байрны асуудал. Жижиг, дунд үйлдвэр бол Хөдөлмөрийн яамны асуудал. Гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал зэрэг нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны ажил юм.
-Тэгвэл агентлагийн тоог цөөрүүлж, 28 болгосон шалтгаанаа тайлбарлахгүй юү?
-Одоо 43 агентлаг байгаа. Тэндээс зарим агентлагийг яамдад шилжүүлнэ. Тиймээс агентлагийн тоо эрс цөөрч байгаа. Бид тоог чухалчлаагүй, хийх ажлаа чанартай гүйцэтгэхийн тулд яамдаа салбаруудад салгаж, агентлагуудаа цомхотгож байгаа.