УИХ ирэх онд хэрэглэх өөрийнхөө төсвийг хэлэлцэж эхэллээ. Гишүүдийн машины паркийг шинэчлэхэд 400 сая, өрөөнүүдийг нь тохижуулахад 500 сая, намын бүлгүүдэд 800 сая, нийтлэг арга хэмжээнд 637 сая, орон сууцанд 220 сая төгрөг гэх мэтээр 18.6 тэрбум төгрөгийн дүнтэй төсөл нь задарч байна. Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр намын жагсаалтаар сонгогдсон гишүүний бие төлөөлөгчийн тоог цөөлж, тойргоос сонгогдсон гишүүний бие төлөөлөгчийн тоог нэмэх санал тойрсон маргаан нэлээд цаг удав.
Д.Ганхуяг гишүүн “Мандатын тоо нь цөөрсний улмаас тойргоос сонгогдсон гишүүний бие төлөөл өгчийн ажлын ачаалал эрс өсөх нь гарцаагүй. Тиймээс намын жагсаалтаар сонгогдсон гишүүний бие төлөөлөгчийн тоог нэгээр хасаж, томилолтын зардлыг нь ч багасгая. Тойроггүй гишүүнд орон нутагт очиж ажиллах шаардлага гарахгүй шүү дээ” гэв. С.Баярцогт түүнтэй санал нэг байлаа. Харин МАН-ын бүлгийн Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт нар өөр бодолтой байв. Тэд УИХын гишүүдийг тойргоос, эсвэл намын жагсаалтаар сонгогдсоноор нь ялгаварлахын эсрэг санал хэллээ.
“Намын жагсаалтаар сонгогдсон гишүүд харин ч ганц тойрог гэлгүй, орон даяар ажиллана. Хаа ч очиж ажиллахыг үгүйсгэхгүй. УИХ-ын сонгуулийн тухай хуулиа мөрдөцгөөе” хэмээв. ИЗ-НН-ын С.Оюун, С.Дэмбэрэл хоёрын хувьд байдал бүр түвэгтэй болж ирэв. Тэд 60 мянган сонгогчийн саналаар УИХ-д сууж буй хэдий ч бүлэггүй, бас намын жагсаалтаар сонгогдсон гишүүд. “Бид улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулах учраас бие төлөөлөгчдийнхөө тоог хасуулах саналыг дэмжихгүй” гэж байлаа. Санал хураалтын дүнд намын жагсаалтаар сонгогдсон гишүүний бие төлөөлөгчдийн тоог нэгээр хасаж, тойргоос сонгогдсон гишүүнийхэд нэмж тусгуулахаар шийдвэрлэв. Ийнхүү УИХ-д тойргоос сонгогдсон гишүүн гурван бие төлөөлөгч, нэг туслах, нэг зөвлөхтэй, намын жагсаалтаар сонгогдсон нь нэг бие төлөөлөгч, нэг туслах, нэг зөвлөхтэй байхаар болов.