“Урт нэртэй” хуулийн хэрэгжилтийн хүрээнд “Онги голынхон” ТББ Өвөрхангай аймагт үйл ажиллагаагаа явуулах уул, уурхайн лиценз нь цуцлагдсан компаниудтай хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ. Тэдний үйл ажиллагаанаас болж эвдэж сүйдсэн газарт нөхөн сэргээлт хийх тухай аймгийн ИТХ-ын журмыг баталсан аж. Хуульд заасны дагуу олон нийтийн хяналтын үүргийг ТББ гүйцэтгэдэг тул газрын хэвлийн нөхөн сэргээлтийг хийхэд тавих хяналтын хоёр жилийн гэрээг “Онги голынхон” ТББ-ынханд даалгасан байна. Өвөрхангай аймагт уул уурхайн 19 компани олборлолт явуулах тусгай зөвшөөрөлтэй байсны 15-ынх нь лиценз бүрэн цуцлагдсан гэнэ. Одоогийн байдлаар гурван компанитай байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхээр хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан аж. “Гурван долоо хоногийн өмнө Онги голын сав газраар явж, нөхцөл байдалд тохируулж, цаашдын үйл ажиллагаагаа тодорхойлох зорилгоор ажилласан. Энэ ажил үр бүтээлтэй болж, уул уурхайн компаниудтай харилцан ойлголцсоны дүнд хамтран ажиллахаар боллоо” хэмээн “Онги голынхон” ТББ-ын тэргүүн Ц.Мөнхбаяр хэлэв.