Засгийн газрын бүтэц, бүрэлдэх үүний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан МАХНМ ҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Ч.Улаанаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан билээ. Тус бүлэг яамдын бүтэц, бүрэлдэхүүнд хийхээр төлөвлөсөн АН-ын өөрчлөлтийн заримтай санал нийлэхгүй байгаагаас ээлжит бусаар хоёр өдөр дараалан хуралдав. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр үдээс өмнө “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралд оролцоход тус бүлгийнхэн эсрэг байр сууриа илэрхийлсэн байна. “Шударга ёс” эвслийн бүлгийн хурлаас гарч ирэхэд нь Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзлаа. Тэрбээр Төрийн өмчийн хороог Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд үлдээх, тендер зарлах ажлыг Шадар сайдын мэдэлд шилжүүлснээр “Шударга ёс” эвсэлтэй байр сууриа нэгтгэж чаджээ.
-“Шударга ёс” эвсэл Танд яг ямар санал тавив? Тэд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөхөөр Ерөнхий сайдын өргөн барьсан хуулийн төсөлтэй санал нийлэхгүй байгаа гэсэн?
-Ер нь бидний дунд санал нийлэхээргүй зүйл бараг алга. Төрийн өмчийн хороо зэрэг агентлагийг аль яамны харьяанд ажиллуулах талаар эвслийн бүлэг санал хэлээд байгаа юм. Бид сая шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, хийх ажлынхаа талаар удтал ярилцлаа. Үндсэндээ Ерөнхий сайдын өргөн барьсан Засгийн газрын бүтцийг “Шударга ёс” бүлгийнхэн дэмжиж байна. Гэхдээ ганц нэг агентлагийн асуудлаар эргэж ярилцах шаардлагатай.
-Тодруулбал?
-Өнөөдрийг хүртэл Ерөнхий сайдын эрхлэх хүрээнд харьяалагдаж ирсэн Төрийн өмчийн хороог хэрхэх тухайд юм л даа. Өргөн барьсан төслөөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам руу шилжүүлэх болсонтой “Шударга ёс” эвслийн бүлэг санал нийлэхгүй байгаа. Тэд Төрийн өмчийн хороог Ерөнхий сайдын харьяанд үлдээгээд, харин үйл ажиллагааг нь илүү сайжруулах талаар өөрчилж шинэчлэх хэрэгтэй гэж байна. Энэ асуудал дээр бид санал нэгдэж чадлаа. Төрийн өмчийн хорооны мэдэлд төрийн өмчийн компаниуд байдаг, даргыг нь тавих гэж бөөн юм болдог, төрийн өмч шамшигддаг, авлига гээд элдэв асуудал гардаг. Тиймээс энэ хороог өөрчилж шинэчлэх талаар ярилцаж, эцсийн байдлаар шийдлээ.
-“Шударга ёс” эвслийнхэн тендерийн асуудлыг Ерөнхий сайд хариуцах нь зохимжгүй гэж үзсэн тухайд?
-Засгийн газрын шинэ бүтцэд бүх тендерийг зарладаг нэг шинэ агентлаг байгуулахаар тусгаж, тус агентлагийг Ерөнхий сайдын харьяанд байна гэж заасан байгаа. Гэтэл “Шударга ёс” эвсэл тендерийг Шадар сайдын эрхлэх ажилд харьяалуулах нь зүйтэй гэсэн. Би саналыг нь хүлээн авлаа. Тендертэй ноцолдоод сууж байдаг Ерөнхий сайд ч гэж юу байх вэ. Түүний оронд ус, газрынхаа бодлоготой ноцолдсон нь дээр гэж үзэж байна.
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг хэзээ Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах бодолтой байна вэ?
-“Шударга ёс” эвслийн бүлэгтэй сая санал нэгдлээ, АНын бүлэг маань дэмжчихсэн байгаа. Харин МАН-ын бүлгийн хуралдаанд үдээс хойш (өчигдөр) оролцоно, тэд юу гэж хэлэх юм. Түүний дараа л Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, асуудал чуулганаар орно доо.
-Сайд нарын нэрийг хэзээ санал болгох вэ?
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсаны дараа аль яамны сайд хэн байх вэ гэдгийг эхлээд Ерөнхийлөгчтэй, тэгээд “Шударга ёс” эвслийн бүлэг, ИЗНН-ынхантай зөвшилцөж байж УИХ-д нэрсээ санал болгоно.