УИХ, НИТХ-ын 2012 оны сонгуулийн дүнд иргэдийн 26.1 хувь нь МАН, 35.8 хувь нь АН, 22.8 хувь нь “Шударга ёс” эвсэл, үлдсэн хувь нь бусад намд саналаа өгсөн. Хэдийгээр улс төрийн хоёр том нам нийт сонгогчдын 60 хувийн саналыг авсан ч МАН сонгуульд хангалтгүй оролцсоныг нийслэлийн МАН-ын хорооны дарга Г.Мөнхбаяр өчигдөр болсон хуралдааны эхэнд тавьсан илтгэлдээ дурдав. Нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаан өчигдөр тус намын байранд боллоо. 10.00 цагт товлосон хурлын ирц 11.30 цагт 51.8 хувьд хүрснээр хуралдаан эхлэх боломж бүрдэв.
Нийт 187 хүн ирэхээс 97 хүн энэ удаагийн хуралдаанд оролцсон юм. Энэ удаагийн хуралдаанаар юуны өмнө 2012 оны УИХ болон НИТХ-ын сонгуулийн үр дүн, удахгүй болох орон нутгийн сонгуульд хэрхэн оролцохоо хэлэлцэх байв. Хамгийн гол нь уг хурлаас ирэх дөрвөн жилд нийслэлийн МАН-ын хороог удирдах хүн тодрох учиртай. Хурлын эхэнд Г.Мөнхбаяр дарга сонгуульд хэрхэн оролцсон тухайгаа илтгэсэн. УИХ, НИТХ-ын сонгуулийн үр дүн хангалтгүй байсан тус намын хувьд орон нутгийн ирэх сонгуульд амжилттай оролцож, цаашдын бодлогоо тодорхойлох нь чухал байгааг тэрбээр онцлон хэлэв. Нийслэлийн МАН-ын хорооны V хуралдааныг ийнхүү нээсний дараа хэвлэлийнхэнд хаалттайгаар үргэлжлүүлсэн юм.
Өнгөрсөн мягмар гаригт тус намын Удирдах зөвлөл хуралдаж, таван хүний нэрийг нийслэлийн МАНын хорооны даргын албанд өрсөлдүүлэхээр болсон. Үүнд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн Газрын албаны дарга Ц.Сандуй нар байсан ч Д.Зоригт гадаадад суралцах тул уг албыг хаших боломжгүй гэсэн сураг дуулдав. Хуралдааны явцад нийслэлийн МАН-ын хорооны даргын сонгуульд хоёр өрсөлдөгч тунаж үлдсэн нь Ц.Батбаяр, Ц.Сундуй нар байлаа. Ийнхүү хуралдаан үргэлжилж, манай сонины дугаар шилжих 21.00 цагт дүүргүүдийн хорооны дарга нарын талаар хэлэлцэж байсан бөгөөд нийслэлийн даргын төлөөх санал хураалт эхлээгүй байв.