Дангинатал цоожилсон хаалганы цаана ямар нэг чухаг зүйл болох, цочир халуун яриа өрнөх ёстой. Арванхоёр оны сонгуульд 12 жилийн турш төрийн эрхийг барьсан Ардын нам ямар учир шалтгааны улмаас ялагдсаныг задлан шинжлэх байсан нийслэлийн МАН-ын хурал өчигдөр болохдоо сонгогчдын нүд, чихнээс далдуур, уйтгар гунигийн далайд умбасан аятай нам гүмд дугжрав. “МАН яагаад..?” гэсэн асуултыг дагуулсан ялагдал нь сонгуулийн дараах цагийн өнгийг тодорхойлж ахуйд МАН яагаа ч үгүй юм шиг царайлсанд олон нийт гайхлаа. Ийм асуулт өдөр болгон ирдэггүй. МАН-аас юу ч асуухаа болих үед ямар гээчийн гайхалтай сайхан зүйлийг сэдээд ч хүлээж авахаа больж бас болно.
Нийслэлийн МАН-ын хороо УИХ-ын сонгуулийн хотын тойргууд, НИТХ-ын сонгуульд далаараа цэвэр тавиулсан шалтгаанаа шүүн хэлэлцэх гэхээсээ намын хорооны даргаа солиход түлхүү анхаарсан нь илэрхий болов. Нөгөө л МАН доторх цорын ганц хүчирхэг фракцын бодлого түрэмгийлж, “Хотын фракц”-ын нэг хүн нөгөөдөө суудлаа үлдээж, фракц нь эрх мэдлээ хадгалан үлджээ. Монголын улс төрийн томоохон хүчин атлаа “Бид яагаад ялагдав”, “Тэд биднээс юугаараа давуу юм”, “Одоо дараагийн сонгуульд хэрхэн оролцох вэ” гэсэн нүүр тулсан шударга ярилцлага, хатуухан хариуцлагыг өөрсдөөсөө нэхэлгүй, найзан дундаа өнгөрөөж орхилоо.
МАН өрөөлд л өөнтөгч ханддаг хүчтэй сөрөг хүчний дүрд хэт итгээд эхэлсэн хэрэг. Өрсөлдөгчийнхөө өмнө ялагдлаа хүлээн зөвшөөрч чадах улс төрийн соёл зайлшгүй хэдий ч ялагдалтайгаа эвлэрэх, хариуцлагыг дарга сольж завсардуулдаг араншинд МАН ямар амархан дасан зохицож байна вэ?
Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр нийслэлийн МАНын даргын сонгуульт ажлаасаа ч мултрав. Тэрбээр МАН яагаад хоёр сонгуульд давхар ялагдаж, хотын тойргуудаа алдсан шалтгааныг “төөрөлдсөн” иргэд рүү чихсэн байна. МАН уугуул нэрээ сэргээсний улмаас нийслэлийн сонгогчид МАХН тэргүүтэй “Шударга ёс” эвсэлд саналаа өгсөн гэнэ шүү. Түүний удирдсан МАНын хороо саяын сонгуулиар маш сайн ажилласан гэсэн дүгнэлтийг Г.Мөнхбаяр хийжээ. Энэ бол МАН-ын хувьд ч, түүний удирдсан нийслэлд оршин суугаа иргэдийн хувьд ч дэндүү хариуцлагагүй мэдэгдэл. НИТХ-ын сонгуульд сүүлийн 20 жил ялж, Улаанбаатарын ажил амьдралыг атгасан МАН-ын аль ч дарга ийм үг унагах эрхгүй юм. Нийслэлийн сонгогчид тэдэнд 20 жилийн турш итгэлээ дайсан шүү дээ. Улсын маань нийслэлд явган хүний зам, автомашины зогсоол, эрүүл орчин, эмх цэгц ер үлдсэн үү? Хотыг хөгжүүлэхэд тэдэнд юу саад болсон, тэд юун дээр алдсан тухай шударга шүүмж сонсогдсонгүй ээ.
Нийслэлийн иргэд өнгөрсөн сонгуулиар улс төрийн сонголт бус, харин хотод ужгирсан хээл хахууль, эмх замбараагүй төлөвлөлтийн эсрэг ууртай шийдвэр гаргасан учраас л МАН ялагдсан биш үү. Нийслэлийн МАН-ын хорооны даргын сонгуульд МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Нийслэлийн газрын харилцааны газрын дарга Ц.Сандуй, МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Амарбаясгалан, өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн Улаанбаатарын Мээр асан, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, танхимаас дэвшсэн НИТХ-ын гишүүн Б.Төмөрчулуун нар өрсөлдөх чимээ сонсогдож байсан нь ташаа мэдээлэл байв. Гэтэл өчигдрийн хуралдааны төгсгөлд Удирдах зөвлөлөөс гэнэт хачирхалтай чиглэл ирж, хурлын сценарыг өөрчилсөн байна. МАН-ын Удирдах зөвлөл зөвхөн нэг хүнийг нэрлэж, Нийслэлийн газрын харилцааны газрын дарга Ц.Сандуйг санал болгожээ. Энэ нь нийслэлийн МАНын хорооны даргын сонгуулийн өрсөлдөөнийг боомилсонтой адил үйл явдал болсон байна. Ийнхүү МАН нийслэлийн намын хорооны шинэ даргаа түвэггүй сонгожээ.
Эцсийн дүндээ МАН дахь “Хотын фракц” Улаанбаатарын тойргуудыг сонгуулиар нэгмөсөн алдсан хариуцлагаас хөнгөхөн бултаж дөнгөв. Г.Мөнхбаярыг явуулж, Ц.Сандуйг дэвшүүлснээр энэ хурлын зорилго биелэхгүй. Шинэ даргын нуруун дээр нэн тэргүүнд ирэх сард болох дүүргүүдийн ИТХ-ын сонгуульд бэлтгэхээс эхлээд, 2016 оны УИХ-ын сонгуулийг хүртэл уйгагүй зүтгэл, өндөр хариуцлага нэхсэн ажлууд хүлээж буй. Ц.Сандуй нь Нийслэлийн Газрын албанд 1997 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 15 жилийн хугацаанд тус албаны бүхий л шатны ажлыг хийж, газрын харилцаагаар нарийн мэргэшсэн ажилтан аж.

Цэндсүрэн овогтой Сандуй
Улаанбаатар хотод 1970 онд төрсөн.
Төгссөн сургууль, мэргэжил:
• 1988 онд Нийслэлийн 10
жилийн 31 дүгээр сургууль
• 1989 онд Эрхүү хотын их
сургуулийн бэлтгэл анги
• 1995 онд Москва хотын
эдийн засаг, статистикийн дээд
сургууль
• Япон, Швед, АНУ, ХБНГУ-д
тус тус мэргэжил дээшлүүлсэн
• Удирдлагын академийн
аспирантур
Ажлын туршлага:
• 1997-2000 онд Нийслэлийн
газрын харилцаа, үл хөдлөх хөр
өнгийн бүртгэлийн албанд ахлах
мэргэжилтэн
• 2000-2001 онд Нийслэлийн
газрын харилцаа, хот байгуулалтын
газарт Үнэлгээ төлбөрийн хэлтсийн
дарга, мэдээллийн төвийн дарга
• 2001-2003 онд Нийслэлийн
хот байгуулалт, газрын харилцааны
газарт Газрын харилцааны хэлтсийн
дарга
• 2003-2006 онд Нийслэлийн
газрын албаны Газрын кадастрын
хэлтсийн дарга
• 2006-2008 онд мөн албаны
дэд дарга,
• 200-2012 онд Нийслэлийн
газрын албаны дарга
• 2012 оны наймдугаар сарын
16-наас нийслэлийн МАН-ын хорооны
дарга