МАХН-ын залуучууд намынхаа удирдлагаас хатуу шаардсаны улмаас тус намын Бага чуулганыг энэ сарын 25- 26-нд товлон зарласан байна. Залуу гишүүд нь МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, нарийн бичгийн дарга Ч.Улаан нарыг УИХ-ын гишүүн болсноосоо хойш Засгийн газарт албан тушаал хашихаар хэт хөөцөлдөн намынхаа эрх ашгийг огоорох болсон хэмээж, энэ мэт шударга бус явдалтай тэмцэхээр “Улаан сарнай” жигүүрийг байгуулан, байр сууриа нэгтгэжээ. “Улаан сарнай” жигүүр УИХ-д сонгогдсон МАХН-ын удирдлагуудаа Засгийн газарт хамтран ажиллах нэрийн дор АН-тай хуйвалдаан зохион байгуулахын эсрэг байгаагаа Бага чуулганы үеэр нухацтай хэлэлцэж, жирийн гишүүд, дэмжигчдээ ч үүнд анхаарлаа хандуулахыг уриалах юм байна. МАХН УИХ-ын сонгуульд “Шударга ёс” эвсэл байгуулан оролцохдоо Парламентад 11 суудал эзэлснээр АН-тай хамтарч олонх болоод зогсохгүй, Засгийн газрыг 75:25 гэсэн харьцаагаар бүрдүүлж байгаа билээ. МАХН-ын нарийн бичгийн дарга Ч.Улаан УИХ-ын дэд дарга болсон бол, дэд дарга Д.Тэрбишдагва шинэ Засгийн газрын Шадар сайдаар томилогдохоор яригдаж байгаа билээ.