УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд өчигдөр өөрт ногдсон сайдын дөрвөн суудлаа тойрон нэлээд бужигнасан байна. АН сайд нарын нэрсийг Байнгын хороодоор хэлэлцүүлэн, чуулганы хуралдааныг шуурхайлах байр суурьтай байсан боловч “Шударга ёс” эвслийн дунд албан тушаал хуваарилалтын үл ойлголцол үүссэн нь Засгийн газрын бүрэлдэхүүнд гацаа үүсгэх бололтой. Энэхүү гацааг эх сурвалжууд янз бүрээр тайлбарлаж буй. Нэг хэсэг нь МАХН Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Түлш эрчим хүчний сайдыг авч, зөвхөн Сангийн сайдыг МҮАН-ын дарга М.Энхсайханд үлдээнэ гэх шийдвэр гаргасантай холбоотой гэлцэж байгаа юм. М.Энхсайханы журмын нөхөр Ц.Цолмон гишүүн хоёр намыг нэгтгэхээр уриалсан нь ч үүнтэй шууд холбоотой байж болох. “Шударга ёс” эвсэл Засгийн газрын бүрэлдэхүүнд орохдоо тус бүр хоёр сайд авахаар аман тохироо хийсэн гэж тэд үзэж байгаа юм. Харин үүнээс өөр тайлбарыг өгүүлэх эх сурвалж байна. Түүний мэдээлснээр, МАХН-ын гишүүд намынхаа дарга Н.Энхбаярыг суллуулах шаардлагыг АН-ын удирдлагуудад тавьсны улмаас “Шударга ёс” эвслийн зүгээс Засгийн газрын гишүүдийн нэрсийг тодруулах үйл явцад гацаа үүсгэсэн бололтой. Н.Энхбаярыг суллуулах шаардлагыг М.Энхсайхан тэргүүтэй МҮАН-ынхан дэмжихгүй байгаа сураг ч гарав.