Сэрүүлгээ зогсоодог бямба гаригийн өглөө тайван унтсан хойгуур тань олон үйл явдал болж өнгөрсөн бол шинэхэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “буруутай” байж магадгүй шүү. Баасан гаригийн шөнөөр томилгоо өвөртөлсөн АН-ын 13 сайдын зарим нь бямбад бүтэн, нямд хагас ажилласан байна. Хуучин сайд нараас тамга хүлээн авах ёслолыг амралтын эхний өдөр амжуулсан нь “шинэковууд” бүтэн сайнд тэсгэлгүй яам руугаа гүйгээд иржээ.
Х.БАТТУЛГА: БИ ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЦИЙГ ӨӨРЧЛӨХӨӨР ИРЛЭЭ
УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга бямба гаригийн өглөө 10 цагт ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайтай болзжээ. Шинэ сайд өөрийн удирдах яамтайгаа танилцаж, хуучин сайдтай хөөрөлдөж амжив. АН-ын дарга Н.Алтанхуягийн тэргүүлсэн “шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газарт ажиллах сайд нарын ажил хүлээлцэх дарааллын дагуу тус яаманд тамга гардан авах ёслол ч болов. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар яамдад хүрэлцэн очиж, сайд нарын ажлыг хүлээлцүүлэн, цаашдынх нь ажилд амжилт хүслээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “Хөдөө аж ахуйн салбарын яам нүсэр бүтэцтэй, сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь нэлээд эрчимжсэн, Монгол Улсын цаашдын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх яам. Энд ажиллахаар ирж байгаа гол зорилго маань Монгол Улсын эдийн засгийн бүтцийг өөрчлөхөд оршиж байгаа юм. Экспортын бүтээгдэхүүн өсч байгаа хэдий ч үүний бараг 90 хувь нь эрдэс баялаг байна. Ганц, хоёрхон бүтээгдэхүүн дээр тогтож байгаа учраас манай эдийн засаг хэрэв түүхий эд авч байгаа тал татгалзах л юм бол тэр чигээрээ унана гэсэн үг. Энэ байдлыг өөрчилж, “Эрдэнэт” шиг 2-3 үйлдвэр барьж, гадаадын олон зах зээлтэй холбогдож байж манай эдийн засгийн хөгжил зөв, тогтвортой болно. Ийм л зорилгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллахаар ирлээ” хэмээн өгүүлэв. Х.Баттулга өнгөрсөн дөрвөн жилд ЗТБХБын сайдаар ажиллаж байсан, УИХ-д гурав дахь удаагаа сонгогдоод байгаа юм .
УУЛ УУРХАЙН САЙД ЗӨВЛӨЛӨӨ ХУРАЛДУУЛЖЭЭ
Уул уурхайн сайдаар томилогдсон УИХын гишүүн Д.Ганхуяг шинэ албаа хүлээн авч, тамгаа гардлаа. Тэрбээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос тамгаа гардан авсан даруйдаа Сайдын зөвлөлөө хуралдуулжээ. Бямбад хуралдсан Сайдын зөвлөлийн хуралд тус яамны дэд сайд нар, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар, газар, хэлтсийн дарга нар оролцсон байна. Д.Ганхуяг гишүүн өмнөх Парламентын үед уул уурхайн асуудлаар өөрийн гэсэн байр суурьтай, үүгээрээ нэлээд амбийцладаг байснаа сайдаар ажиллах хугацаандаа үргэлжлүүлэх биз ээ.
Л.БОЛД ЗАСГИЙН ГАЗРЫН МӨРДӨХ ЗАРЧИМД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Гадаад харилцааны сайдын албаа хүлээлгэн өгч буй Г.Занданшатар тус яамны сайдаар шинээр томилогдсон Л.Болдод тамгыг нь гардуулж, ажлын амжилт хүсчээ. Тамга гардуулах ёслолын үеэр Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэч лэлийн Засгийн газрын мөрдөх зарчимыг Ерөнхий сайд уншиж танилцуулан сайд Л.Болдоор гарын үсэг зуруулан гардуулсан байна. Тэрбээр өмнөх Засгийн газрын үед Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан билээ.
Ц.НЯМДОРЖ БА Х.ТЭМҮҮЖИН
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тамгаа хүлээн авсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр хууль зүйн салбарт хийх ажлын төлөвлөгөө, шинэчлэлийн бодлогын эхний хувилбараа яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга нарт танилцуулж, санал солилцжээ. Х.Тэмүүжин сай дын хувьд үзэл бодол, байр суурийн хувьд хамгийн их зөрчилддөг Ц.Нямдоржийн хашиж байсан албыг хүлээн авч буйгаараа олны анхаарлын төвд байгаа юм. Түүнийг сайдаар ажиллах хугацаандаа “Долдугаар сарын 1”- ний хэргийн буруутныг илүү тодорхой болгох, Эрүүгийн хуульд шинэтгэл хийх болов уу гэсэн хүлээлт нийгэмд үүсээд буй.
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛД БЭЛЭН ҮҮ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гант өмөр өчигдөр үдээс хойш төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн за хирлуудтай яамандаа уулзахаар болжээ. Арав гаруйхан хоногийн дараа 2012-2013 оны хичээлийн шинэ жил эхлэх тул бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг даалгавар өгөхөөр болсон тухай тус яамны хэвлэлийн албанаас дамжууллаа.
ЗАСГИЙН ГАЗАР ӨЧИГДӨР ХУРАЛДСАНГҮЙ
Шинээр байгуулагдаж буй Зас гийн газрын анхны хуралдааныг өчигдөр 16.00 цагт хийхээр товлосон тухай мэдээлэл байлаа. Уг хуралдаанаар Засгийн газрын бүтэц болох яам, агентлагуудын зохион байгуулалтын асуудлыг ярилцана хэмээж байсан боловч уг хуралдаан болсон тухай мэдээлэл олдсонгүй.
ҮЛДСЭН ТАВД ХУГАЦАА ҮЛДСЭНГҮЙ
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сайд нарын танхим бүрэн бүрэлдэхүүнтэй, бүтэн баг болж чадсангүй. Энэ нь томилогдоогүй үлдсэн таван сайдын асуудлыг “Шударга ёс” эвсэл, ИЗНН тус бүр дотооддоо зөвшилцөж чадалгүй өнөөдрийг хүрч байгаатай холбоотой. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл өөрт ногдсон дөрвөн сайдын суудлаа хоёр намдаа 3:1, 2:2 -ийн харьцаатай хуваана хэмээн өөр, өөрсдийн хувилбарыг зүтг үүлснээс гацаад буй. ИЗНН хоёр даргатайн балаг ч гэх үү, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар С.Оюун, С.Дэмбэрэл нарынхаа хэнийг нь сонгохоо шийдэж чадалгүй багагүй хугацааг өнгөрүүллээ. Гэвч улс орны ажил, амьдрал яаруулж байна. Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл гээд таван нөхрийг хүлээж суух нөхцөл байдал алга. АН-ын даргын тэргүүлэх “Шинэтгэлийн” тодотголтой Засгийн газрыг бүрдүүлэхэд гацаа үүсгэж буй нам, эвслүүд хариуцлагаа ухамсарлаж, өнөөдрөөс нэрсээ өргөн мэдүүлэх шаардлагатай байна.
Б.ЭНХЦЭЦЭГ