Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг хуульчилсантай холбогдуулан УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нийт 30 гаруй томъёоллоор санал хураалгасны эцэст баталлаа.
Тухайлбал, Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гиш үүд 75.9 хувийн саналаар дэмжиж, Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 79.6 хувийн санал авав. Түүнчлэн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 75.9, Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 80, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 72.7, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гишүүдийн 73.2 хувийн дэмжлэгийг хүлээж, тус бүр батлагдлаа. Үүгээр АНын тэргүүлэх Шинэчлэлийн Засгийн газар ажиллах хууль, эрх зүйн орчин бүрдэж байна. УИХ дахь АН-ын бүлгээс дэв шүүлсэн сайд нарын нэрсийг батлахыг хүссэн Байнгын хороодын тогтоолыг нэг бүрчлэн хэлэлцсэнээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн.
Б.ЭНХЦЭЦЭГ