УИХ дахь МАХНМ ҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд даргын суудал дахиад л эзгүйрэх нь. Эвслийн бүлэг Парламентад байгуулагдсанаас хойш анхны дэд даргаар УИХын гишүүн З.Баянсэлэнгэ томилогдож байсан бол түүнийг Байнгын хорооны дарга болоход О.Баасанхүү гишүүн албыг нь хүлээн аваад удаагүй байгаа билээ.
“Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга О.Баасанхүү өнөөдөр болох бүлгийнхээ хуралдааны үеэр бүлгийн дэд даргын албан тушаалаа өгөх гэнэ. Тэрбээр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзах бөгөөд ямар шалтгаантай болох нь одоогоор тодорхойгүй байна. Гэвч О.Баасанхүү Засгийн газрын бүрэлдэхүүний талаар МАХН-ын дарга Н.Энхбаярын баримталж буй чиглэл буюу гурван сайдын суудлыг намдаа авах байр суурийг хамгаалан, эвслийн бүлэг дэх МҮАН-ын гишүүддээ ийм аргаар “бойкот” зарлаж байх магадлалтай юм.
Б.ЭНХ