Алдарт аялагч, Италийн лам Плано Карпини 1245 онд Монголын Их гүрний хаан Гүюгт бараалхсан Өрнөдийн албан ёсны анхны элч хэмээн түүхэн эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Тэрбээр Италийн Мажионе хотод төрсөн аж. Тэгвэл тус хотын иргэн А.Каландри, А.Романо, Г.Греко, Ж.Меникини нар түүний гаргасан замаар Өрнөдөөс Азийг чиглэн хөдөлжээ. Мажионе хотын иргэдийн санаачилгаар 2006 онд Плано Карпинийн замын тэмдэглэлийг итали хэлнээс анх удаа монгол хэлнээ орчуулжээ.
Монгол-Италийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Л.Нямаагийн орчуулсан эл номын хоёрдугаар дэвтэр уншигчдад хүрэхэд бэлэн болсон байна. Дээр дурдсан итали залуус энэ сарын 1-нд Италиас “Ланд Ровер” жийптэй Монголыг зорин хөдөлсөн бөгөөд өнгөрсөн долоо хоногт манай улсад хөл тавьсан юм. Тэдэнтэй уулзаж, аяллынх нь талаар торууллаа.
-Яагаад П.Карпинийн аяллын замыг сонгох болов. Аяллын зорилго юу вэ?
-Улс орнуудыг заагладаг хил хязгаар бол бэлгэдэл төдий зүйл. Хэдийгээр өөр өөр газарт төрж, өссөн ч хүн төрөлхтний сэтгэлд хил хязгаар байхгүй гэдгийг харуулах, мөн 1245 онд Монголын эзэнт гүрэнд Өрнөдөөс ирсэн анхны элч Плано Карпинийн аяллын замыг давтан, дайран өнгөрс өн бүх улсаар явж, соёл иргэншилтэй нь танилцах зорилготойгоор аян замд гарсан. Хамгийн гол зорилго маань Монгол Улсад ирэх явдал байсан.
-Ямар ямар улсын нутгаар аялан манай оронд ирэв?
-Бид Италиас гараагаа авч, Австри,Польш, Литва, Латви, Оросоор дайрч Монголд ирлээ. Монгол орноор аялаад Хятад, Төвд, Балба, Энэтхэг, Пакистан, Иран, Киргиз, Узбекистан, Тажикистан, Туркменистан, Турк, Грекээр дайрч, гэртээ харина даа. Нийт 20 улсаар дайран өнгөрч, 30.000 км замыг гурван сарын хугацаанд туулахаар төлөвлөсөн.
-Машинаар аялахад хэр хүндрэлтэй байна вэ?
-Улс болгоны хилийн шалгалтад нэлээд цаг барж, жаахан хэцүү байдаг. Тэр хэрээр аялал сунжирч, төлөвлөсөн хугацаанаасаа хойшилж байна. Мөн ганц нэг жижиг эвдрэлийг эс тооцвол саадгүй сайхан байгаа. Энэхүү аяллын ачаар нэгэн хэлбэрийн амьдралаас хөндийрч, амьдрах ухаанд суралцаж байгаадаа их олзуурхаж байгаа шүү. Мөн дэлхий хэдий том ч бид бүгдийн сэтгэл, эрмэлзэл, хүмүүсийн харилцаа ижил юм гэдгийг ойлгож байна. Хүсэлдээ хөтлөгдөн хол замд гарснаар дэлхий бидэнд илүү ойрхон болж байгааг мэдэрч байгаа нь маш том олз.
-Монголд хэд хоноод дараагийн улс руугаа хөдлөх вэ?
-Бид долоо хоноод энэ сарын 20-нд Замын-Үүдээр дайран, Хятад руу явна. Энэ дашрамд, Улаанбаатарт биднийг халуун дотно хүлээж авч, аяллаа үргэлжлүүлэхэд шуурхай тусалсан монгол найз нартаа баярласнаа илэрхийлье. Монголчууд үнэхээр эелдэг, нутаг нь гайхалтай байгальтай юм.