.jpg)
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Шадар сайдын албан тушаалд нэр дэвшсэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүн Д.Тэрбишдагвыг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо УИХ-ын гишүүн С.Оюуныг Байгаль орчин ногоон хөгжлийн сайдад, Төсвийн байнгын хороо УИХ-ын гишүүн Ч.Улааныг Сангийн сайдад, Эдийн засгийн байнгын хороо МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Эрчим хүчний сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн М.Сономпилийг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Н.Удвалыг тус бүр 100 хувийн саналаар дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, томилуулах нь зүйтэй хэмээн үзлээ.
Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Улаан УИХ-д тав дахь удаагаа сонгогдсон, энэ хугацаанд дөрвөн ч удаа сайдын алба хашсанаараа “толгой” цохиж буй бөгөөд өмнө нь хоёр ч удаа Сангийн сайдаар томилогдон ажиллаж байжээ. Одоо яамдын төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэх ажил хү лээгдэж буйг Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр түүнд сануулж байлаа. Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Н.Удвал Парламентын гаднаас орж ирж буй хоёрхон сайдын нэг юм. Амаржих газруудад анхаарал хандуулж, дэргэдээ эдийн засгийн баг, бодлогын зөвлөл ажиллуулах хэрэгтэйг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны эмэгтэй гишүүд сайдад захисан.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 40 гишүүний ирцтэйгээр сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэж, санал хураалаа. Д.Тэр бишдагвыг Шадар сайдад 92.7 хувийн саналаар дэмжсэн бол, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар С.Оюуныг, Сангийн сайдаар Ч.Улааныг, Эрчим хүчний сайдаар М.Сономпилийг томилохыг 100 хувийн саналаар дэмжин баталлаа. МАХНын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг Эрүүл мэндийн сайдаар томилох саналыг гишүүдийн 92.3 хувь нь дэмжиж батлав.
Дахиад л сөрөг хүчингүйгээр...
УИХ-ын анхдугаар чуулганы өчигдрийн хуралдааныг МАН-ын гишүүд мөн л орхин гарснаар АН-ын тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газрын танхимыг бүрдүүлэх Парламентын үйл явцад сөрөг хүчний байр суурь огтхон ч илэрхийлэгдсэнгүй. Хуралдааны эхэнд Сангийн сайдад нэр дэвшсэн Ч.Улааныг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөх талаар хэлэлцэх үеэр МАН-ын гишүүдийн дарга Н.Энхболд УИХ-д бүлэг байгуулах, УИХ-ын даргыг сонгосон асуудал хууль бус болсон, Өвөрхангайн хоёр гишүүнийг Парламентад оруулах зэрэг асуудлаар мэдэгдэл хийж, үүний дараа МАНын гишүүд хурал орхиж гарсан юм.
Л.Цог УИХ-ын дэд дарга боллоо
Сайд нарыг баталж дууссаны дараа чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэв. Ч.Улааны оронд УИХын гишүүн Л.Цогийг УИХ-ын дэд даргаар томилуулах МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн санал дэмжигдлээ. Ийнхүү УИХын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХын гишүүн Л.Цогийг УИХ-ын дэд даргаар томилох тухай хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүдийн олонхийн саналаар батлагдав. Л.Цогийг УИХ-ын дэд даргаар батлагдахаас нь өмнө МАН-ын гишүүд түүнд асуулт тавьж, хариулт сонслоо. МАН-ын гишүүдийн ахлагч Н.Энхболд: УИХ-ын даргыг томилоход хамгийн ахмад настай гишүүн чуулганыг удирдах ёстой. Гэвч та анхдугаар чуулганыг даргалж, УИХ-ын даргыг томилсон. Тийм түрэмгий байдлаар хуулийг завхруулж болох уу.Хуульч гишүүний тань хувьд асууж байна?
Л.Цог: Би өөрөө гүйж очоод чуулган даргалчихсан ч юм биш. Та бүхэн анхдугаар хуралдаанд ирээгүй учраас надад эрх зүйн боломжийг гаргасан. МАН-ын гишүүд хуулиа сахиад, төрийн ажлыг саатуулаагүй бол тийм байдал үүсэхгүй байсан. Та бүхэн төрийн ажлаас намын ажлыг дээгүүрт тавьсан учраас миний бие олонхиос өгсөн үүргийг хүлээн авч, гацааг тайлсан. УИХын даргыг томилох асуудал хууль зөрчсөн эсэх асуудлаар Цэцэд хандсан юм билээ, Цэц эцсийн шийдвэр гаргана биз дээ. Бүлгийн тухайд хуулиа уншчих гээд байгаа шүү дээ.
Н.Энхболд: Биднийг ёс зүйн алдаа гаргасан гэж үзээд л та бүхэн хууль зөрчиж болох уу. УИХ-ын дэд даргаар томилогдох гэж байгаа хуульч хүн байна даа, хуулиа заалтынх нь дагуу тайлбарлах ёстой биш үү?
Л.Цог: УИХ-ын анхдугаар чуулганыг удирдах үүргээ Д.Дэмбэрэл гишүүн биелүүлээгүй. Ёс зүйн алдаа гаргасан.