Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХНын дарга Н.Энхбаярыг эмч нарын дүгнэлтийг үндэслэн ШШГЕГ-ын удирдлагын шийдвэрээр Сайд нарын гэгдэх Улсын клиникийн II эмнэлэг рүү өчигдөр шилжүүллээ. Анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлж, ШШГЕГын харьяа Цагдан хорих төвд хоригдож байсан түүнийг холбогдох мэргэжлийн байгууллагын эмч нар үзээд III-IV шатны эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагатай гэжээ. Н.Энхбаяр тархины цусан хангамж, хүчилтөрөгчийн дутагдалд орж, ухаан алдаж унасан, нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай гэснээр ийнхүү тус эмнэлэг рүү шилжүүлсэн байна. Харин түүний өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах гомдлыг нь Нийс лэлийн шүүхэд хүргүүлж, заавал 30 хоног гэж хүлээлгүй яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсээд байгаа. Гэвч Нийслэлийн шүүхийн шүүгчид хавтаст хэрэгтэй хуулийн хугацаанд танилцаж шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн сурагтай.