УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр үдээс өмнө хуралдаж, Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газрын гишүүнээр ажиллуулах дөрвөн сайдад нэр дэвшүүлэх талаар хэлэлцжээ. МАХН, МҮАН хоёр сайдын суудлыг 2:2, эсвэл 3:1 харьцаатайгаар хуваан авах тухайд удтал санал зөрөлдсөний эцэст өчигдөр МАХН-ын байр суурийг дагахаар тохиролцож чадсан байна. Ийнхүү “Шударга ёс” эвсэлд ногдсон дөрвөн сайдын суудлын гурав нь МАХН-д, нэг нь МҮАН-д очих болов.
Бүлгийн дарга Н.Батцэрэг “Улс төрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж сайдын суудлыг 3:1 гэсэн харьцаагаар хуваарилахаар шийдвэрлэлээ. Эвслийнхээ эв нэгдлийг хадгалах үүднээс ч ийм шийдвэрт хүрсэн гэж хэлж болно. МҮАН М.Энхсайханыг Шадар сайд юм уу, Сангийн сайдад дэвшүүлэх бодолтой байлаа. Гэвч МҮАН-д нэг суудал ногдсон тул М.Энхсайхан нэрээ татсан. Уг нь МҮАН-ын хувьд М.Энхсайхан даргыг нийгэм, эдийн засгийг өргөн хүрээтэй харж чадах, түшиг болох хүн гэж үзээд Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулах гэсэн боловч өөрөө нэрээ татсан.
Тиймээс МАХН-аас Шадар сайдад Д.Тэрбишдагва, Сангийн сайдад Ч.Улаан, Эрүүл мэндийн сайдад Н.Удвал, МҮАН-аас Эрчим хүчний сайдад М.Сономпилийн нэрийг дэвшүүллээ” хэмээв. УИХ-ын дэд даргаар ажиллаж буй Ч.Улаан Сангийн сайдад нэр дэвшсэний улмаас түүний оронд Л.Цог гишүүний нэрийг дэвшүүлэхээр “Шударга ёс” эвслийн бүлгээр ярилцсан байна. Гэхдээ УИХ-ын дэд даргыг МАХН, МҮАН-ын удирдлага дахин ярьж байж эцсийн шийдвэрээ гаргахаар болж, энэ асуудлыг нээлттэй үлдээжээ.