УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийн хуралдаанаар тус бүлгийн үйл ажиллагааны дүрмийн талаарх Ажлын хэсгийнхээ мэдээллийг сонссон байна. Түүнчлэн Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын ээлжит бус чуулганд яаралтай өргөн барих нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн тухайгаа Бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэв.
Орон нутгийн сонгуулийг холимог системд шилжүүлэх, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зүйл заалттай нийцүүлэх ёстой хэмээн үзсэнээс ийн шийдсэн байна. АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт заасны дагуу сумын Засаг дарга нарыг иргэд нь шууд сонгодог зарчим руу шилжүүлэх тухайд Бүлгийн гишүүд санал нэгджээ. Үүний тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй болох юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шаардлагатай гэж үзвэл улс төрийн намууд болон бүх ард түмний санал асуулгаар шийдэх нь зүйтэй гэж АН-ын бүлэг үзсэн байна.