Мьянмад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тогтоосон хатуу цензурийг халсан тухай AFP мэдээлжээ. Саяхныг хүртэл тус улсад улс төр, шашны хэвлэл, тэр бүү хэл дууны шүлэг, хүүхдийн үлгэрт хяналт тавьдаг байсан юм. Мэдээллийн яамны мэдээлснээр, өчигдрөөс эхлэн бүх хэвлэлийн нийтлэлийг урьдчилан шалгах, хянахаа зогсоосон гэнэ. 1988 оноос хойш тогтоосон энэ цензур нь цэргийн дэглэмийн нэгэн онцлох шинж байжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард шинээр томилогдсон Төрийн тэргүүн, генерал Тейн Сейний эхлүүлсэн ардчилсан өөрчлөлтийн дүнд хэвлэлийн хяналтыг ийнхүү халж байна. Үүнээс өмнө сөрөг хүчний удирдагч, Нобелийн шагналт Аун Сан Су Жийг гэрийн хорионоос, улс төрийн хэрэгтэн хэмээх 100 гаруй хүнийг шоронгоос сулласан билээ. Тус улсад болж буй өөрчлөлтийг үнэлж, АНУ авсан хоригийнхоо заримыг цуцалж, сүүлийн 22 жилд анх удаа Америкийн Элчин сайд Мьянмад ажиллахаар ирсэн билээ.