Зүүн Азийн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, урлаг соёлын үнэт зүйлсийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Зүүн Азийн хүүхдийн урлагийн их наадмыг 2001 оноос зохион байгуулж буй. ЮНЕСКО-ийн ерөнхий захирал асан Койчиро Мацүрагийн санаачилсан тус наадам манай оронд хоёр дахь удаагаа болох гэж байна. Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 50 жилийн ойн хүрээнд Засгийн газрийн хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв хамтран X их наадмыг энэ сарын 22-27-нд зохион байгуулна. Энэ жилийн наадам Ерөнхийлөгчийн ивээл дор болохоороо онцлог. Энэ үеэр урлагийн тоглолт, Улаанбаатар хоттой танилцах аялал болохоос гадна хүүхдийн оролцоот чөлөөт цагийн хөтөлбөр явагдана. Мөн ЮНЕСКО-гийн Зүүн Азийн бүсийн ерөнхий нарийн бичгийн дарга нарын 12 дахь хурал болох гэнэ. “Нэг дэлхий, нэг ертөнц” уриатай энэ жилийн наадамд БНХАУ, Япон, БНСУ, Хятадын Макао болон Монголын 80 гаруй төлөөлөгч, нэгдсэн концертод 300 хүүхэд, ЮНЕСКО-гийн үндэсний комиссын төлөөлөгч, хүндэт зочид гээд нийт 400 гаруй хүн оролцох гэнэ. Урлагийн тоглолтууд энэ сарын 23-25- нд “Найрамдал” зуслангийн “Хараацай” театрт, нэгдсэн тоглолт 26-нд МҮЭСТО-д болно.