Яамдын тоог 16 болгон нэмэгд үүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэх үүний тухай хуулийг шүүмжлэлээс аварсан гарц нь агентлагийн тоог 43-аас 28 хүртэл цомхотгосных байв. Олон нийт юуны өмнө Төрийн албаны орон тоо улам бүр данхайх вий гэх болгоомжлолоор шинэ бүтцийг угтсан. Үүний хариуд “Шинэчлэлийн Засгийн газар ажиллагчдынхаа тоог нэгээр ч нэмэхгүй” гэсэн амлалтыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өгөөд буй. “Шал худлаа, улам данхайна” гэж МАН-ын Засгийн газрын экс сайд Ц.Нямдоржоос авахуулаад эргэлзэгсэд ч бий.
Орон тооны асуудал ирэх бямба гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаас эхлэн ойрын хугацаанд тодорхой болох төлөвтэй. Хуучин бүтцээр яамдад 1017, агентлагуудад 3600 хүн өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм. Эдгээр 4717 хүн шинэ бүтцийн 16 яам, 28 агентлагт тархан “суурьших” төлөвлөгөөг АН-ын удирдлагууд базаасан. Харин агентлагийн тоог 15- аар цөөрүүлсний улмаас Засгийн газрын өмнө тулгарсан өөр нэг шинэ нөхцөл нь төрийн зарим үйлчилгээг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудад шилжүүлэх хуваарилалт юм.
Засгийн газрын шинэ хуваарилалтад иргэний нийгмийн тодорхой ямар байгууллагууд татагдан ажиллах тухай мэдээлэл одоогоор сураггүй байна. Өмнөх Засгийн газрын үед яам болгон шаардлагатай ажил, үйлчилгээгээ худалдан авах эрхтэй байсан бол Тендерийн агентлаг буюу Худалдан авах ажиллагааны газрыг шинээр байгуулснаар энэ ажил Шадар сайдын мэдэлд шилжиж байна. Түүнчлэн улс төрийн намуудын анхаарлыг татаад байсан Төрийн өмчийн хорооны харьяалал Ерөнхий сайд, эсвэл Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд очихоор яригдаж байсан боловч доорх бүдүүвчээс харахад, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдынхад хамаарах болжээ.
