Энэ жилийн сонгуулийн үр дүнгээр бий болсон УИХ анхдугаар чуулганаа завсарлуулав. Хуульд зааснаар энэ чуулган УИХ-ын бүтцийг бий болгож, Засгийн газрыг төвхнүүлж өгөх ёстой. Гэтэл уг үүргээ биелүүлсэн гэж хэлэхэд түвэгтэй болоод байна. УИХ-д 25 гишүүнтэй цөөнх болсон МАН үндсэндээ энэ чуулганы үйл ажил ла гаанд оролцсонгүй. Оролцуул сангүй ч гэж хэлж болно. Энэ нь тус нам УИХ-д бүлэгтэй болж чадаагүйтэй холбоотой. Үндсэн хуульд “УИХ-ын сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно”, УИХ-ын тухай хуульд “УИХ-ын сонгуулийн дүнгээр УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулж болно” гэсэн заалт бий.
МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд болохоор сонгуулийн дүнгээр манайх 25 суудалтай болсон юм чинь хуулийн заалтаар хар аяндаа бүлэгтэй болчихож байгаа юм гэж үзсэн аж. Гэтэл УИХ-ын тухай хуульд бас “Нам, эвслийн бүлэг байгуулсан тухай шийдвэр, гишүүдийн нэрсийн жагсаалтыг Анхдугаар чуулганаар УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор УИХ-ын даргад мэдүүлнэ. Бүлэг ахлагчаа гишүүдийнхээ дотроос сонгож энэ тухайгаа УИХ-ын даргад албан ёсоор мэдээлнэ” гэсэн заалт байгаа. УИХын дарга, УИХ дахь АН-ын бүлэг чухам энэ заалтыг өмнөө бариад МАН-ыг заасан хугацаанд багтаж бүлгээ байгуулаагүй гэж зүтгээд буй. Тэгвэл Ардын намынхан энэ заалтыг бүлэг байгуулахтай холбоогүй, байгуулсан тухайгаа мэдүүлэхтэй л холбоотой. Тийм учраас манай намын бүлэг байгуулагдчихсан.
Бүлэг байгуулсан тухайг УИХ-ын дарга чуулган дээр мэдээлээгүй нь бүлэг байгуулагдсаныг үгүйсгэх учиргүй гэсэн байр суурьтай байна. Хугацаа алдсанаа УИХ-ын даргыг сонгохдоо бидэнтэй зөвшилцөөгүй учраас түүнийг хууль бус дарга гэж үзэж буйгаараа тайлбарладаг. Зөвшилцөхийн тухайд ч бас маапаан бий. Зөвшилцөлийг УИХ-д суудалтай бүх нам, эвслийн бүлэгтэй хийх ёстой. Тэгвэл УИХ-ын даргаар З.Энхболдыг сонгохоор төлөвлөж буйгаа мэдэгдсэн бичгийг АНын бүлэг МАН-д хүргүүлснээ л зөвшилцсөн гэж үздэг. Зөвшилцөх тухай хуулийн заалтыг биелүүлэхийг Ерөнхийлөгч АН, МАН-ын дарга нарыг өрөөндөө дуудаж уулзаад хэлсээр байхад ийн хайнга хандсан. МАН-ын тал болохоор зөвшилцөх тухайгаа бичгээр мэдэгдээд хариуг нь мөн бичгээр авч байж зөвшилцсөн болно.
Дээд шүүхийн тайлбар ийм гээд байдаг. МАН-ынхныг ялагдсандаа үнэмших гүй, итгэж өгөхгүй, хү лээн зөвш өөрч, эвлэрч чадахгүй балмаг даад үйл ажил лагаагаа хуулийн дагуу явуулаагүй гэж үзэх хүн бий. Бүлэг байгуулсан тухайгаа УИХ-ын дарга сонгогдсоноос хойш 24 цагийн дотор түүнд мэдэгдэх ёстой гэсэн заалтыг өөрсдөө олонх байх үедээ цөөнхдөө дарамт үзүүлэх зорилгоор хуульд оруулсан нь өөдөө шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр гээч болж буй юм хэмээн одоогийн олонхийг бүрдүүлэгчдийн зарим нь баалж буй. МАН-ынхан хуулийн энэ заалтыг тухайн үедээ арай л мартчихсан баймааргүй. АН-ынхан сөрөг хүчиндээ ийн хатуурхаад буй нь томилгоогоо өөрсдийн дураар хийж, албан тушаалын бялуугаа бусдын оролцоо, саадг үйгээр санаа амар хувааж авах гэснээс нь үүдэлтэй гэж үзэж буй хүмүүс цөөнгүй.
УИХ дахь МАНын төлөөллөөс гаргасан мэдэгдэлд ч “төрийн эрх мэдлийг бүхэлд нь хя налт гүйгээр дангаар гартаа авч ноёрхох гэсэн ардчиллын эсрэг даварсан санаархал...” гэсэн байна лээ. Үүнийг нотлох үйлдлийг ч АН-ынхан хийлээ. УИХ-ын нэг гишүүн хоёроос илүүгүй байнгын хорооны гишүүн байх, Байнгын нэг хороо 17-21 гишүүнтэй байх хуулийн заалтуудыг тэд МАН-ын гишүүдийн оролцоогүйгээр өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчиллөө. Ингэж өөрчлөхгүй бол гишүүдийн нь тоо хүрэлцэхгүй сандаргасан хэрэг. МАН УИХ-д бүлэггүй байна гэдэг төрийн үйл ажиллагаа, бодлогыг тодорхойлоход нийт сонгогч дын 40 хувийн саналыг авсан, УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь бараг оролцоогүй болно гэсэн үг. Эдний 25 гишүүн нэгдсэн зохион байгуулалтад орж төрийн бодлогыг боловсруулахад сонгогчдоо төлөөлж, жин дарж оролцох бололцоогүй болно. Монгол Улсын төрийг ээлжлэн, заримдаа хамтарч барьсаар ирсэн “том” гэгддэг хоёр нам нэг нь олонх болохоороо нөгөөдөө чоно болчихоод байх нь бидэнд ашиггүйгээр барахгүй асар гарзтай. Хүчтэй цөөнхийг олонхийн түшиг, хазайхад нь түшдэг хань нь гэдэг шүү дээ. Тийм түшиггүй бол олонх аандаа ялзарна.
Цөөнх байр сууриа илэрхийлэх талбар нь ч чуулганы танхим биш, гудамж талбай болж хувирч мэднэ. Хойшдоо хоёр гариг дээр амьдрах биш, биендээ хойт эхийн хүйтэн хөрзгөр царай үзүүлж явах нь яав ч бидний эрх ашигт нийцэхгүй. Монголын төрд ч тустай алхам хийж чадахгүй. Урьдын ялалтандаа ташуурсан ихэмсэг зан ч ажилд нэмэр болохгүй. Өнгөрсөнөө мартах гүй хонзогнож явах нь бүр ч хор болно. Бодоод байхад энэ улс төр гээчид зарим тохиолдолд дан хуулийн үг үсгээр далайлгасан, хэт ёсорхуу, наана цаанагүй цэвдэг байдлаас жудаг гээч юм илүүтэй хэрэгтэй юм биш үү. Улс төр гэдэг чинь хүмүүсийн л харилцаа болохоор түүнд увайгүй байдал ус болж, жудаг тус болох бус уу. Төрөө түвшин авч явъя гэвэл улстөрийн голлох хүчнүүд хэл амаа ололцож байхаас аргагүй. Эмээлийн бүүрэг шиг байгаад сайн юманд хүрэхгүй. Энэ удаад Монгол Улсынхаа төрийн бодлогыг тодорхойлоход хошуучлах үүрэг хүлээсний хувьд АН санаачилга гаргах ёстой. Ийм хувь тохиосон улс төрийн хүчин гөжүүд, хөшүүн, хариу авах гэсэн атгаг зан гаргавал түүнээс улбаалж учрах хойчийн муу үр дагаврын төлөө оногдох хариуцлага ч илүү байж таарна.
Р.ЖАРГАЛАНТ