Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн төв тайзны хажууд өчигдөр 60 гаруй залуус цугларав. Брейк бүжгийн “B-Boy circle-2012” улсын аварга шалгаруулах тэмцээн тэднийг ийнхүү нэгтгэсэн юм. Зохион байгуулагчаар“Hooligans crew and step n spin dance” студи, ерөнхий ивээн тэтгэгчээр Үндэсний соёл, амралтын хүрээлэн ажилласан, тус тэмцээний онцлог нь брейк бүжгийн октаган баттле төрлийг Монголд дэлгэрүүлэх явдал байлаа. Оролцогчид энэ төрөлд өрсөлдөхдөө туузаар холбон тойруулж тайвьсан найман шонг унагалгүй бүжиглэх ёстой. Октаган баттле нь дэлхийд өргөн тархсан төрөл бөгөөд тойрог дотор өрсөлддөг онцлогтой. Тойрог үүсгэн тайвьсан шонг унагавал тэмцээнээс хасагддаг. Тэмцээн октаган баттле, 3vs3 В Вoy battle, 1vs1 В Вoy battle, Flare, TOPROCK battle, Longest B Boy move гэсэн зургаан төрлөөр болсон бөгөөд оролцогч хэдэн ч төрөлд өрсөлдөх боломжтой байсан юм. “Hooligans crew and step n spin dance” студийн В Вoy буюу бүжигчин Б.Ганхөлөг “Брейк бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд залуучууд өргөнөөр оролцож байна. Тиймээс тэмцээнийг цаашид улирал бүр зохион байгуулах төлөвлөгөөтэй” гэсэн. Тэмцээнд 1vs1 B Boy battle, Longest B Boy move төрөлд “Onix” хамтлагийн бүжигчин Н.Сүрэн, Toprock battle B Boy, Октаган баттлед “Hooligans junior” хамтлагийн бүжигчин Ч.Дөлгөөн, 3vs3 B Boy battle “Hooligans junior” хамтлаг ялагч болов.