
Сайд нарын томилгоо дуусаж, хоёр нам, нэг эвсэл хамтарсан Засгийн газраа “элэг бүтэн” болгомогц дэд сайдуудад горилогчдын нэрс хэвлэлийн хуудаснаа “шуурч” эхэллээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дөнгөж бүрдсэн танхим өмнөө тулгараад буй ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл гээд нүсэр ажлыг хэр хурдан нугалах нь яамдын дэд сайд нарын томилгоо ойрын хугацаанд амжилттай болохоос багагүй шалтгаална. Хугацаа дэмий алдахгүйн тулд Засгийн газрыг тэргүүлж буй АН дэд сайдын суудлыг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон ИЗНН-д хэрхэн хуваарилах оноолтоо өнөө, маргаашгүй зөвшилцөх хэрэгтэй. Үүний тулд АН аль салбарын яаманд аль намын дэд сайдыг ажиллуулахаа тодорхой болгосон байх ёстой. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа хуралдах ирэх бямба гаригийн хуралдаанаар дэд сайд нарын нэрс тодорхой болчихвол ч том ажил амжих нь тэр. Одоо АН-аас л шалтгаална. Энэ ялдамд Засгийн газрыг бүрдүүлж буй МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон ИЗНН-д ч бөөн хүлээлт үүсээд байна. АН өөртөө 11, “Шударга ёс” эвсэлд дөрөв, ИЗНН-д нэг дэд сайд оноох сураг Засгийн газар бүрэлдэж эхлэхээс яригдах болсон билээ. Харин намуудын аль нь ч ямар салбарын дэд сайдыг томилох эрхтэй болохоо мэдэхгүй сууж байна. Хамтарсан Засгийн газрын дэд сайд нарыг тухайн яамны сайдын намын харьяаллаас өөр байх оноолтыг АН боловсруулахаар ярилцаж байгаа аж.
АН:11 ДЭД САЙД
Ялангуяа Засгийн газрыг тэргүүлж буй АН-аас хэн, ямар яамны дэд сайд болох тухай таамаглалд олон нийт анхаарлаа хандуулах болов. Дэд сайдын албан тушаалд өрсөлдөгчийн олноороо ч, горилогчдод нь ногдох суудлын тоогоороо ч АН толгой цохих нь мэдээж. Чухам ямар шалгуураар оноох нь АН дахь фракцуудын тохирооноос шууд шалтгаалах юм. Тохироо мэдээж Алтангадас, МоАХ, МҮДН, Шонхор, Нэг ардчилал фракцуудын дунд явагдана. Үүнд УИХ-ын сонгуульд намын жагсаалт болон тойрогт өрсөлдсөн чансаагаар нь дэд сайдад горилогсдыг эрэмбэлэх сурагтай. Тухайлбал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдад нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өмнүүрээ “шугам татуулсан” Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал И.Нарантуяа, Гадаад харилцааны дэд сайдад Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийн нэр сонсогдох болов. АН боловсон хүчний бодлогоор залуучуудаа дэмжин, дэд сайдын ал банд тэднээс цөөнгүйг томилох магадлалтай аж. Энэ тохиолдолд амбийц ихтэй “Нэг ардчилал” фракцын залууст “хүрд эргүүлэх” боломж гарах юм. Түүнчлэн АН-ын ахмад зүтгэлтнүүдийн хөвгүүдийн нэрс дэд сайдад горилогчдын дунд сонсогдож байна.
МАХН-МҮАН-ЫН “ШУДАРГА ЁС” ЭВСЭЛ : ДӨРВӨН ДЭД САЙД
Дөрвөн сайд “төрүүлэх” гэж эвсэл дотроо нэлээд бужигнаад авсан МАХН, МҮАН-ынхан энэ удаа дэд сайдын томилгоонд дүрэмтэй “тоглох” биз ээ. Гагцхүү эвслийнхэн таван дэд сайдын суудал авна гэдэгтээ бат итгэлтэй байгаагаас АН-тай ам зөрж болзошгүй. “Шударга ёс” эвсэл дэх эх сурвалжийн өгүүлж байгаагаар бол, МАХН гурав, МҮАН хоёр дэд сайдын суудал авахаар хоорондоо тохиролцсон байна. Тухайлбал, МАХН УИХ-ын сонгуулиар ДорноговьГовьс үмбэрийн тойрогт өрсөлдсөн Ч.Чимидсүрэн, Дархан-Уулын тойрогт өрсөлдсөн Б.Тулга, хуульч Э.Эрдэнэжамъян нарыг, МҮАН-аас УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймагт нэр дэвшсэн Б.Дэлгэрцогт, Архангай аймагт өрсөлдсөн Б.Цогтгэрэл нарыг дэвшүүлэхээр болсон байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Г.Шийлэгдамбын нэр дэд сайдад баараггүй яригдах байсан боловч түүнийг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албанд томилсноор хүчтэй өрсөлдөгч нэгээр цөөрчээ. Харин Н.Энхбаярын хүү Э.Батшугарт дэд сайдад нэрээ дэвшүүлэх боломж, дэмжлэг хангалттай байгаа нь олны анхаарлыг нэлээд татаж байна. Түүнийг Засгийн газрын томилгоонд оролцохоос өөрөө татгалзаж байгаа гэх боловч, хэрэв сонирхвол Э.Батшугар “Шударга ёс” эвслийн хамгийн нөлөө бүхий нэр дэвшигч байх нь дамжиггүй.
ИЗНН:НЭГ ДЭД САЙД
ИЗНН-д нэг сайдын суудал ногдсон тоогоор мөн нэг дэд сайдтай байх нь. Тус намд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэд сайдаар хүнээ томилох эрх ногдох сурагтай.