УИХ-ын тухай хуульд “УИХ бүрэн эрхээ чуулган, Байнгын болон дэд, түр хороо, нам, эвслийн бүлэг, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэсэн заалт бий. Түүнээс гадна УИХ-д наймаас дээш суудал авсан аль ч нам бүлэг байгуулж, үйл ажиллагаагаа явуулах бүрэн эрхтэйг Үндсэн хууль болон УИХын тухай хуулиар бас баталгаажуулж өгсөн байдаг. Гэтэл одоогийн УИХ-д 25 суудал авсан МАН анхдугаар чуулганы үед намын бүлэггүй байлаа. УИХ-ын анхдугаар чуулган ч хуулиар хүлээсэн үүрэг зорилгоо бүрэн биелүүлж, хуулиар зөвшөөрөгдсөн бүтцээ бүрэн хэмжээгээр бий болгож чадалгүй завсарлав. УИХ-д наймаас дээш суудал авсан улс төрийн нэг нам зохион байгуулалтын зохих хэлбэрт орж УИХ-ын бүтцэд үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдээгүй тохиолдолд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн Үндсэн хуулийн заалт зөрчигдөх юм. Уг заалтыг сая анхдугаар чуулганыхаа үеэр УИХ зөрчлөө. УИХ-ын үйл ажиллагаа ч хэвийн явагдсангүй. Энэ бүх байдалд дүгнэлт хийгээд УИХ-д наймаас доошгүй суудал авсан аль ч нам УИХ-д бүлэг байгуулах эрхээ анхдугаар чуулганы үед эдлэх боломжтой байхаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын гишүүн Ц.Цолмон, С.Дэмбэрэл нар санаачлан боловсруулжээ. Тэд нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэрээ УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор түүнд өргөн мэдүүлэхээр хязгаарлалт хийснийг УИХ-ын тухай хуулийн 26 дугаар зүйлээс хасах нь зүйтэй гэж үзсэн байна. Уг төслийг санаачлагчийн нэг Ц.Цолмонгоос зарим зүйл лавлав.
-Та бүхний энэ санаачилга хувь гишүүдийнх үү?
-Тийм.
-Уг төслийг боловсруулах болсон үндэслэлээ хэлнэ үү.
-УИХ-д МАН бүлгээ байгуулж чадахгүй байгаагаас болж Монголын төрийн үйл ажиллагаанд гацаа бий боллоо. Энэ гацааг арилгах нь үндэсний эрх ашигт нийцнэ. Намуудын хэт талцлаас болж УИХ-аас гаргаж буй хуульд зохимжгүй зарим заалт орсон, орох ёстой заалт байхгүй байгаа нь ч анзаарагддаг. Уг нь нийгмийн эрх ашигт хууль нь нийцэж байх ёстой болохоос биш хуулийн зарим заалтаас болж тэр эрх ашиг хохирч байх учиргүй шүү дээ. Энэ үүднээс бид асуудалд хандаж байна. Тэгвэл насаар хамгийн ахмад гишүүн анхдугаар чуулганыг удирдаж эхлүүлэх тухай заалтыг ч өөрчл өх нь зүйтэй гэсэн бодолтой байгаа. Энэ заалт хэрэгжих боломжгүй болсон нөхцөлд яахыг зохицуулсан гарц хуульд байх ёстой. Сая бид нэг гарц олж Л.Цогоор чуулган удирдууллаа шүү дээ. Төрөө хурдан төвхнүүлэхэд энэ алхам харш зүйл биш гэж бодож байна.
-Та хоёр “24 цагийн дотор...” гэсэн заалтыг хасах төслөө Анхдугаар чуулган завсарлахаас өмнө санаачилж өргөн бариад шийдвэрлүүлчихэж болсонгүй юү?
-АН, МАН-ын зүгээс санаачилга гаргахыг харзнасан. Гэтэл аль аль нь чимээгүй байсаар анхдугаар чуулганыг завсарлуулчихаар нь УИХ дахь харьцангуй төвийг сахисан гэж хэлж болох төлөөллийн бид хоёр төсөл боловсрууллаа. МАН-ынхны хувьд өөрсдөдөө зориулж хуулийг өөрчлөх гэлээ гэсэн хэл ам гарахаас болгоомжилсон байж ч мэднэ.
-УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн заримаас нь “нэг намд зориулж хуульд өөрчлөлт оруулах нь уу” гэх маягийн үг дуулдсан шүү дээ. Та хоёрын санаачилгыг тэд дэмжих болов уу?
-Бид ер нь зарим хуулийн зохимжгүй заалтыг урдаа барьж төрийн ажлыг гацааж болохгүй. Нийтлэг эрх ашгийг тэргүүнд тавих учиртай. “24 цагийн дотор ...” гэсэн заалтыг хуулиас хасах нь зөвхөн энэ удаагийн гацааг арилгах төдий ач холбогдолтой биш, цаашдаа ч бидэнд тустай гэдэг үүднээс хандана гэдэгт найдаж байна.