Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхны албан даалгавраа өчигдөр гаргажээ. Уг даалгавар “Цаг үеийн ажлыг эрчимж үүлэх тухай” гэсэн нэртэй бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга нарт ханджээ. Юуны урьд элдэв наадам, баяр ёслолын үйл ажиллагааг зогсоож, төрийн албан хаагчдын ээлжийн амралтыг даруй дуусгаж, нутгийн захиргааны бүх шатны байгууллагыг хэвийн ажиллах нөхцөлийг хангах нь зүйтэй гэж үзсэн байна. Өвөлд бэлтгэх ажлын дутууг даруй гүйцээж, гэрэл, дулаанаар хангах үүрэг хүлээдэг байгууллагуудын засвар, түлээ, нүүрс, түлш шатахуун нөөцлөх, хадлан тэжээл бэлтгэх ажлыг хуваарийн дагуу бушуу дуусга гэжээ. Хот, суурин газрын оршин суугчдын хэрэглэх махыг бэлтгэдэг орон нутгийн үйлдвэрүүдийн ажилд хяналт тавих, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг үүрэг болгожээ. Ургацыг богино хугацаанд хаягдалгүй бүрэн хурааж авах нөхцөлийг бүрдүүлж, бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тогтоосон хугацаандаа нэгэн зэрэг эхлэх бололцоог хангах арга хэмжээ авахыг Засаг дарга нарт үүрэг болгоод, энэ албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын явц, үр дүнг сар бүрийн 5-ны дотор Засгийн газарт илтгэж бай гэсэн байна.