Манай улсад хийх айлчлал нь өнөөдөр албан ёсоор эхэлж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуо Монголын сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулав.
-Монгол Улсын шинэ Парламент, Засгийн газар төвхнөж буй цаг үед Таны айлчлал тохиож байна. Та айлчлалаасаа ямар үр дүн хүлээж байна вэ? Монгол, Хятадын харилцааны цааш дын хэтийн төлөвийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Саяхан Монгол Улсад УИХ-ын сонгууль амжилттай болж, шинэ Парламент, шинэ Засгийн газар байгуулагдсан нь монголчуудын хувьд давхар тэмдэглэлт үйл явдал боллоо. Найрсаг харилцаатай хөрш, чухал түншийн хувьд БНХАУ энэ үйл явдалд баяр хүргэж байгаа бөгөөд шинэ Парламент, шинэ Засгийн газрынхаа удирдлагаар улс орныхоо хөгжлийн аливаа үйлсэд улам их амжилт олохыг Монголын ард түмэнд хүсэн ерөөж байна. Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдэг. Хятад, Монголын сайн хөршийн найрсаг харилцааг тасралтгүй бэхжүүлэн хөгжүү лэх нь Хятадын Засгийн газрын тууштай баримталж ирсэн стратегийн чиглэл бөгөөд энэ нь Хятад, Монгол хоёр улс, ард түмнүүдийн үндсэн эрх ашигт нийцдэг билээ. Өнөөдөр Хятад, Монголын харилцаа түүхийнхээ хамгийн сайн үед байна. Өнгөрсөн 2012 онд хоёр улсын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш Хятад, Монголын харилцаа хурдацтай хөгжиж, өндөр дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч, хоёр талын харилцаа шинэ шатанд гарав. Хятад, Монголын харилцааны үндэс суурь бат бэх, хамтын ажиллагааны боломж их, хөгжлийн төлөв нь ирээдүйтэй сайхан байна гэдэгт би гүнээ итгэж байна. Энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын шинэ Засгийн газартай харилцаа холбоо тогтоож, харилцан ойлголцлоо гүнзгийрүүлж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хийгээд харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцож, хоёр улсын харилцааг урт хугацаанд эрүүл саруул, тогтвортой хөгжүүлэхийг хүсэж байна.
-БНХАУ эдийн засгаа таван жилээр төлөвлөдөг. Өнгөрсөн жил XII таван жилийн төлөвлөгөөгөө баталсныг бид мэднэ. Энэ төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд хөрш орнуудтайгаа, түүний дотор Монгол Улстай ямар чиглэлээр хамтран ажиллах боломж байгаа вэ?
-XII таван жилийн хугацаанд БНХАУ эдийн засгийн хөгжлийнхөө арга хэлбэрийг өөрчилж, шинэчлэл, нээлттэй байх бодлогыг гүнзгийрүүлж, иргэдийнхээ амьдралыг баталгаажуулан сайжруулж, дунд зэргийн чинээлэг нийгмийн бүтээн байгуулалтыг бүх талаар урагшлуулан хөгжүүлэхийг зорьж байна. Цаашид бид сайн хөршийн найрсаг харилцаатай хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа харилцах бодлого, харилцан ашигтай, хамтдаа хожих нээлттэй стратегийг тууштай баримтлан хөрш зэргэлдээ улс орнуудтай хамтран энх тайван, тогтвортой бүс нутгийн орчныг бий болгож, бэхжүүлэх болно. Бид мөн гадаадад нээлттэй байдлаа улам гүнзгийрүүлж, гадаад худалдааны бүтцийг сайжруулан, хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимж үүлэн, эрчим хүч, байгалийн баялгийн салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэн, хил орчмын бүс нутгийг улам нээлттэй болгон, хөрш орнуудтай харилцан хол богдох дэд бүтцийг эрчимтэй бүтээн байгуулан, дэлхийн эдийн засгийг хэвийн болгох үйл ажиллагаа, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон, худалдааны протекционизмын аливаа хэлбэрийг эсэргүүцэн, “чөлөөт худалдааны бүс”-ийн стратегийг эрчимтэй хэрэгж үүлэн, хил орчмын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэн, хөгжиж буй улс орнуудад үзүүлэх эдийн засгийн тусламжаа нэмэгдүүлэх болно. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдэг. Хятадын хөгжил нь хөрш зэргэлдээ улс орнуудад тулгуурлахын зэрэгцээ тэдгээрийн хөгжил цэцэглэлтэд эрч хүчийг өгч байгаа билээ. Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон, соёл, ёс заншлын хувьд ойролцоо, эдийн засгийн хувьд харилцан нөхөх чанартай бөгөөд харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нэн таатай нөхцөлтэй, асар их нөөц бололцоотой юм. Хятадын XII таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилт нь Хятад, Монголын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ховор боломж, өргөн уудам орон зайг бий болгож байна. Бид энэ таатай завшааныг ашиглан Монголын талтай хамтран хамтын ажиллагааны шинэ салбар, түүнд хүрэх арга замыг ажил хэрэгчээр, нээлттэй байдлаар эрэлхийлж, уул уурхай, эрчим хүчний бүтээгдэхүүнийг гүн боловсруулах, харилцан холбогдох дэд бүтцийг барьж байгуулах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, цэвэр, ногоон эрчим хүчийг ашиглах зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж, хамтын хөгжилд хүрэхийг хүсч байна.
-БНХАУ хөрш орнуудтайгаа найрсгаар харилцах, түншлэх, эрх тэгш харилцан ашигтай байх, хамтран хөгжих бодлого баримталж ирсэн. Энэ бодлого хэр үр дүнд хүрч байна вэ? Ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?
-БНХАУ нь энх тайвнаар хөгжих замаар тууштай замнаж ирсэн. Ингэхдээ хөрш зэргэлдээ улсуудтайгаа харилцахдаа энэ бодлогыг баримталдаг нь хөрш улсуудад ч ашиг тусаа өгч байгаа. Хятад улс “хөрш орнуудтайгаа найрсгаар харилцах, түншлэх” бодлогыг тууштай баримталж, тэдний хамтаар энх тайван, аюулгүй, хамтдаа хожсон, хамтдаа цэцэглэн хөгжсөн, эв зохист бүс нутгийг бүтээн байгуулахыг зорьж байна. БНХАУ-аас хөрш орнуудтай тогтоосон харилцаа амжилттай хөгжиж байна. Өндөр, дээд түвшний харилцаа холбоо өдрөөс өдөрт гүнзгийрч, бараг бүх хөрш орнуудтай өндөр, дээд түвшний харилцан айлчлал хийж ирлээ. Улс төрийн харилцан итгэл цэл тасралтгүй гүнзгийрч ирсэн бөгөөд олон чухал асуудлаар бие биеэ харилцан дэмжиж, хамтран ажиллаж байна. Эдийн засгийн ашиг сонирхол улам бүр нийлж, Хятад улс нь хөрш орнуудынхаа худалдааны хамгийн том түнш болов. Хүмүүнлэгийн солилцоо улам өргөжиж, ард түмнүүдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөл гүнзгийрч ирлээ. Өнөөдөр олон улсын санхүүгийн хямралын уршиг мэдрэгдсэн хэвээр, дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан байгаа ч Ази, Номхон далайн бүс нутаг харьцангуй тогтвортой, хурдацтай хөгжлийн хандлагаа хадгалж, цаашид улам бүр хөгжих ирээдүй нь дэлхий нийтэд харагдаж байгаа нь дэлхийн эдийн засаг сэргэн өсөхөд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хөрш орнуудтайгаа найрсгаар харилцах Хятад улсын энэ бодлого нь тус бүс нутгийн ард түмнүүдийн энх тайвныг эрхэмлэх, хамтын ажиллагааг эрмэлзэх, хөгжлийг түргэтгэх нийтлэг хүсэл эрмэлзэлтэй нийлж, бүс нутаг хийгээд даян дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулж буйг бодит жишээ, баримтууд нотолж байна. Бүс нутгийн улс орнуудын дүр төрх өөр өөр, хөгжлийн түвшин харилцан адилгүй байгаагаас зарим улс орны хооронд зөрчил маргаан байсаар байна. БНХАУ болон зарим хөрш орны хооронд газар нутгийн болон далай тэнгисийн эрх ашгийн маргаантай асуудал бай гаа. Хятад улс яриа хэлэлцээ, зөв шилцлийн замаар, энх тайвны аргаар олон улсын аливаа зөрчил маргааныг шийдвэрлэхийн төлөө байдаг. Ялангуяа хөрш орнуудтайгаа харилцахдаа бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах зорилгоор дээрх зарчмыг баримталж, бүх талууд хүлээн авахуйц зохистой арга замыг эрж олохын төлөө байдаг юм. Цаашид нөхцөл байдалд ямар ч өөрчлөлт гарсан бид энэ л байр сууриа баримтлах болно. Хятадын талтай хамтын хүч чармайлт гаргаж, улам нягт харилцахыг бид холбогдох улсуудаас хүсч байна. Бүс нутгийн улс орнууд холбогдох асуудлыг шийдвэрлэх ухаан, чадавхтай байж, янз бүрийн эрсдэл, сорилтыг хамтдаа даван туулж, бүс нутгийн гэрэлт ирээдүйг мөр зэрэгцэн бүтээнэ гэдэгт бид итгэлтэй байна.
-Асар том зах зээлтэй Хятад улстай хил залгаа оршдог нь манай улсын хувьд эдийн засгаа хөгжүүлэх сайхан боломжийг олгодог. Манай улс экспортын барааныхаа дийлэнх хувийг Хятадад гаргаж байгаа нь ч үүнийг нотолж байна. Гэхдээ манай экспортод түүхий эд, уул уурхайн боловсруулаагүй бүтээгдэхүүн зонхилдог. Монголд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хоёр талд харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах боломж бий юү?
-Хятад, Монгол хоёулаа хөгжиж буй орнууд бөгөөд хөгжлийн чухал шатандаа явж байгаа билээ. Хоёр улсын байдал хөгжлийн сайхан боломжийг харилцан олгож байна. Хятадын тал эрх тэгш хамтран ажиллах, харилцан ашигтай байх, хамтдаа хожих, хамтран хөгжих зарчмаар Монгол Улстай худалдаа, эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна. Хоёр улс тус тусынхаа нөхцөл байдалтай уялдуулан давуу талаа ашиглаж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг хүсч байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс уул уурхайд түшиглэн улс орноо хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, өөрийн нөхцөл байдалд нийцсэн замаар замнан, эдийн засгаа хурдацтай хөгж үүлж ирлээ. Хятадын эдийн засаг цаашид ч тогтвортой, хурдацтай өсөлтөө хадгалах болно. Энэ бүхэн нь хоёр талын эрх ашиг улам ойртож, ажил хэрэгч хамтын ажиллагааг улам гүнзгий, өргөн хүрээнд хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх нь дамжиггүй. Дэлхийн эдийн засгийн даяаршил тасралтгүй гүнзгийрч байгаа өнөө үед олон улсын хөдөлмөрийн хуваарь, аж үйлдвэрийн шилжилт улам бүр эрчимжиж байна. Монгол Улс өөрийн аж үйлдвэрийн бүтцийн түвшинг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ нь Хятад төдийгүй хөгжиж буй бүх улс оронд тулгардаг нийтлэг асуудал юм. Уул уурхайд түшиглэн улс орноо хөгжүүлэх Монгол Улсын бодлогыг БНХАУ тууштай дэмжин, идэвхтэй оролцож, уул уурхайн түүхий эдийг гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах аж үйлдвэрийн сүлжээ бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Энэ чиглэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх замаар Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын түвшинг дээшлүүлэхэд дэмж лэг үзүүлж, хоёр улсын хамтын ажиллагааны үр өгөөжийг улам дээшлүүлэн, хоёр улс, хоёр ард түмэнд тустай үйлс илүү ихээр бүтээх болно.
-Манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллаж буй байдлыг Хятадын тал хэрхэн дүгнэдэг вэ?
-Монгол Улс бол НҮБ-ын чухал гишүүн орон бөгөөд бүс нутгийн нөлөө бүхий улс юм. Өнгөрсөн урт хугацааны туршид Монголын тал тус бүс нутаг хийгээд даян дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг сахин хамгаалахын төлөө хүч чармайлт гаргаж, бүс нутгийн “халуун цэг”-ийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцож, цаг уурын өөрчлөлт зэрэг чухал асуудлаар их ажил хийж ирснийг Хятад улс сайшаан үздэг. Хятад, Монгол хоёр улс олон улс, бүс нутгийн олон чухал асуудлаар ижил буюу төстэй байр суурь, санал бодолтой байдаг бөгөөд НҮБ-ын хүрээнд үр дүнтэй зөвшилцөл, зохицуулалт хийж ирсэн билээ. Монгол Улс нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын анхны ажиглагч улс бөгөөд тус байгууллагын хүрээнд Хятадын талтай нягт хамтран ажилласаар ирсэн. АСЕМ, АСЕАН, Алтайн бүс нутгийн хамтын ажиллагаа, “Их Түмэн” төсөл зэрэг бүс нутаг, дэд бүс нутгийн хүрээн дэх хоёр талын хамтын ажиллагаанд ч томоохон ахиц гарч байна. Эдүгээ дэлхий дахинд гүнзгий өөрчлөлт явагдаж байна. Хятад, Монгол хоёулаа хөгжиж буй орны хувьд олон улс, бүс нутгийн үйл ажиллагаанд өргөн нийтлэг эрх ашигтай, хамтын үүрэг ха риуцлагатай оролцдог. Хятадын тал Монголын талтай хамтран олон улс, бүс нутгийн үйл ажиллагаан дахь хэлхээ холбоо, уялдаа зохицуулалт, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, Хятад, Монголын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлж, бат бэх энх тайван, хамтын хөгжил цэцэглэлт, эв зохист бүс нутгийг бүтээн байгуулахын төлөө хүч чармайлт гаргахад бэлэн байна.