БНАСАУ-ын лидер Ким Жөн Ун энэ сард анхны гадаад айлчлалаараа Иранд хүрэлцэн очиж, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний чуулганд оролцох болсон тухай БНСУ-ын мэдээллийн “Ренхап” агентлаг Ираны Засгийн газрын эх сурвалжаас мэдээлэв. Тус чуулганы зохион байгуулах хорооны албан ёсны төлөөлөгч Мохаммад Роза Форканийн хэлснээр, дэлхийн 40 орчим орны лидер ирэх уулзалтад оролцох хүсэлтэй буйгаа Ким Жөн Ун илэрхийлжээ.
Наймдугаар сарын 26-31-нд Тегеранд хийхээр товлосон чуулганд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Бан Ги Мүн оролцох талаар яригдаж байгаа аж. Дорно, Өрнийн олон улсын эвслүүдэд анхандаа өөрийгөө сөргөлдөгчийн байр сууринаас хандуулж байсан Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн 120 орон, БНСУ-ыг оролцуулаад 20 орчим ажиглагч улсыг нэгтгэдэг. Үүний өмнө 2009 онд Египетэд болсон тус эвслийн чуулганд Хойд Солонгосын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам оролцсон юм байна. Өмнөд Солонгосын Засгийн газар Ким Жөн Уны Тегераны уулзалтад оролцох болсон тухай мэдээллийг шалгаж байгаа агаад одоогоор нотолсон зүйл олдоогүй буйг “Ренхап” мэдээлэв.
Ким Чен Ирийг таалал төгссөний дараа эцгийн орыг залгасан Хойд Солонгосын залуу удирдагчийн үйл ажиллагаанд нийгэм эдийн засгийн өөрчлөлт хийх эрмэлзэл ажиглагдаж буй талаар шинжээчид өгүүлж байгаа юм. Түүний зэрэгцээ Иран, Хойд Солонгос тус тусын цөмийн хөтөлбөрөө хөгжүүлж буйг олон улсад аюул заналхийлэл хэмээн үздэг.
Х.ЭНХ