Монголын үндэсний олимпийн хорооны удирдлагууд өчигдөр Лондоны олимпоос медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч, шагнаж урамшууллаа. Энэ өдөр гэмтэлтэй байгаа Н.Түвшинбаяраас бусад нь ирсэн бөгөөд Лондоны рингнээс мөнгөн медаль олзолсон боксчин Н.Төгсцогтыг зургаан мянган доллар болон МҮОХ-ны дээд шагнал “Алтан од”-оор урамшуулсан юм. Мөн хүрэл медалийг өөрийн болгосон У.Мөнх-Эрдэнэ, С.Ням-Очир, С.Батцэцэг нарыг дөрвөн мянган “ногоон”-оор шагнав. С.Батцэцэг өмнө нь дэлхийн аварга болсны дараа “Алтан од”-ын эзэн болсон тул энэ удаа Мөнх-Эрдэнэ, Ням-Очир нарт дээрх шагналыг өгсөн юм. Түүнчлэн тамирчдаа бэлдэж оруулсан З.Дүвчин, А.Цэдэнсодном, О.Балжин ням, Д.Баттулга, Х.Болд баатар, Д.Ганзориг, Э.Сайнбилэг, Ц.Амаржаргал нарын дасгалжуулагчдыг шагнаж урамшуулсан. Мөн энэ үеэр МҮОХ-ны алтан түнш “Скайтел” компани олимпийн медальт тамирчдад дараа төлбөрт бизнес класс үйлчилгээний алтан дугаар, монгол инженерүүдийн зохион бүтээсэн Smart tab болон IP TV, интернэт, суурин утас бүхий гурвалсан үйлчилгээний эрхийг гардуулан өгсөн юм. Уг арга хэмжээнд тамирчид, дасгалжуулагчдаас гадна МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Хатанбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, “Скайтел” группийн дэд захирал, маркетинг, борлуулалт, үйлчилгээ хариуцсан захирал Ц.Пүрэвдорж нар байлцсан юм. Арга хэмжээний дараа зарим хүмүүстэй уулзаж, сэтгэгдлийг нь сонирхлоо.
Ц.ПҮРЭВДОРЖ: “СКАЙТЕЛ” КОМПАНИ БИЕИЙН ТАМИР,
СПОРТЫГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР МАШ ИХ АЖИЛ ХИЙДЭГ
-Олимпийн наадмаас медаль авсан мөч бол маань манай нийт хэрэглэгч, нийт монголчуудын маань маш том баяр байсан. Бүгдээрээ сарын турш олимпоор амьсгалж, тамирчдаа сэтгэл зүрхээрээ дэмжиж байлаа. Гэхдээ энэ бүхэн зөвхөн нэг сарын хугацааны ажил байгаагүй, маш олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүн юм. Энэ бүхэнтэй “Скайтел” компани олон жилийн турш хамт байсандаа сэтгэл хангалуун байгаа. Цаашид манай тамирчид улам олон амжилт гаргаж, Монгол улсын төрийн далбаа олимпийн тэнгэрт олон удаа мандахыг хүсэн ерөөж байна.
-Танай байгууллага МҮОХ болон тамирчидтай хэрхэн хамтарч ирсэн бэ?
-“Скайтел” компани биеийн тамир, спортыг дэмжих чиглэлээр маш олон ажил хийдэг. Олимпийн хорооны хувьд тамирчдынхаа бэлтгэл сургуулилт хийх, байрлах зардалд зориулж мөнгөн хандив өгдөг. Үүний цаана манай нийт хэрэглэгчид, хамт олны хүч хөдөлмөр шингэсэн байгаа.
Н.ТӨГСЦОГТ: БОЛООД ӨНГӨРСӨН ЮМЫГ БОДОЛГҮЙ ДАРААГИЙН ТЭМЦЭЭНДЭЭ Л БЭЛТГЭЕ
-МҮОХ-ны хамгийн дээд шагналын эзэн боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Өнөөдөр олимпийн хороо маань хүлээж авлаа. “Алтан од” одонгоор шагнагдсандаа баяртай байна.
-Ирээд хэд хоногийг хэрхэн өнгөрөөв? Сайхан амарч чадсан уу?
-Ирээд зургаа, долоо хонолоо. Амарч л байна. Гэхдээ зав муутай байгаа. Зохицуулаад л явж байна даа.
-Хэд хоногийн дараа олимпоо эргээд дурсвал ямар сэтгэгдэл төрж байна?
-Одоо нэг их юм бодогдохгүй байна аа. Болоод өнгөрсөн юмыг бодолгүй дараагийн тэмцээндээ л бэлтгэе.
-Ойрын үед ямар тэмцээнд оролцох вэ?
-Яг одоогоор тов нь гарсан тэмцээн алга. Гэхдээ бэлтгэлээ таслалгүй хийгээд явж байгаа.
-Одоо жин өгсөж тулалдах уу?
-Тийм. 56 кг-д орно.
-Жин өгсөхөөр яах бол?
-Мэдээж энэ жиндээ дасахад хугацаа хэрэгтэй байх. Гэхдээ гайгүй ээ.
С.НЯМ-ОЧИР: ОНГОЦНООС БУУГААД Л АРД ТҮМНИЙХЭЭ ХАЙР ХҮНДЭТГЭЛИЙГ МЭДЭРЧ ЭХЭЛСЭН
-Нутагтаа ирээд амарч чадав уу?
-Сайхан амарч байна. Хажуугаар нь бэлтгэлээ ч хийж байна. Сайхан байна аа.
-Монголдоо ирээд хүн болгонд хүндлүүлээд явахаар олимпийн медалийн үнэ цэнийг илүү мэдэрч байна уу?
-Онгоцноос буугаад л ард түмнийхээ хайр хүндэтгэл, миний төлөө өгч байгаа тэр сайхан сэтгэлийг мэдэрч эхэлсэн. Өнөөдөр бас мэдрээд байж байна.
-Удахгүй манайд жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээн болно. Энэ тэмцээнд зодоглох уу?
-Би Дэлхийн цомд барилдахгүй. Багш нартайгаа, холбоотойгоо ярьж байгаад ямар тэмцээнд оролцохоо шийдэх байх. Одоохондоо бэлтгэлээ хийгээд явж байна.
-Нутаг руугаа явсан уу?
-Одоо явах гээд л байна. Энэ долоо хоногтоо амжаад гарна аа.
-Лондонд барилдаж байсан мөчөө эргээд дурсвал?
-Ядарч байж медаль авсан л даа. Хэдий ядарсан ч гэсэн эх орондоо буугаад хүмүүсийн сайхан энергийг авч байгаа нь сайхан байна. Хөдөлмөрлөж чадвал ийм юм ирдэг юм байна гэдгийг ойлгож авлаа.
-Та Монголын багийн анхны медалийг авсан. Тэр медаль булган сүүлээ хайрлаж, монголчууд нийт таван медальтай ирлээ. Үүнд сэтгэл өег байгаа болов уу?
-Эхний медалийг авсны дараа манайхан дахиж авахгүй бол яана гэх бодол төрж л байсан. Харин Монголын баг энэ удаагийн олимпод маш сайн оролцож, анх удаа таван медаль авлаа. Энэ бүхний эхлэлийг тавьсандаа маш их баярлаж, бахархаж байна аа.
С.БАТЦЭЦЭГ: ЯПОНЫ БӨХӨД ДАХИЖ ХОЖИГДОХГҮЙ
-Олимпийн наадамд барилдаж байсан мөчөө эргээд дурсахад ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Олимпийн аварга болно гэж бодож байсан. Хүсэл зорилгоо арай л дутуу биелүүлчихлээ. Дараагийн олимпод гүйцээхийн төлөө бэлтгэлээ сайн хийнэ дээ гэж бодож байна.
-Ирснээс хойш сайхан амарч чадсан уу?
-Хагас, бүтэн сайнд Тэрэлж рүү салхинд гарч амарсан.
-Нутагтаа ирээд энэ олон хүн сайхан хүлээж авахаар олимпийн медалийн үнэ цэнийг илүү мэдэрдэг болов уу?
-Мэдээж тэгэлгүй яахав. Дэлхийгээс шигшигдэж ирсэн 20 хүнээс дөрөвхөн нь медаль авна. Тэр дөрвийн нэг болоод медаль авсандаа үнэхээр их баярлаж байна.
-Дараа дараагийн тэмцээн юу байна вэ?
-Есдүгээр сарын сүүлээр ДАШТ байгаа. Гэхдээ би явахгүй. Явах тамирчиддаа тусалж, бэлтгэлийг нь хангах болно.
-Олимпод хожигдсон япон бөхтэйгөө дахиж таарвал?
-Би ер нь япон бөхийг хожчихдог юм. Харин сая олимпод ялагдлаа. Дахиж хожигдохгүй гэж бодож байна.
У.МӨНХ-ЭРДЭНЭ: 2016 ОНЫ ОЛИМПОД ОРОЛЦОНО
-Олимпийн медальтнуудыг хүлээн авч буй энэ өдөр МҮОХ-ны том шагналын эзэн боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцвал?
-“Алтан од” бол МҮОХны хамгийн дээд шагнал. Өөрийнхөө үндэсний олимпийн хорооны дээд шагналыг авсандаа баяртай байна.
-Хэд хоногийн өмнө олимпийн рингэн дээр тулалдаж байсан үеэ дурсвал?
-Би сүүлийн тоглолтын талаар нэлээн харамсалтай үлдсэн. Монголд ирсэн хойноо тэр тоглолтыг хоёр шөнө зүүдэлсэн. Одоо тайвшраад гайгүй болж байна.
-Эх орондоо ирээд, олон хүнд хүндлүүлээд явахаар олимпийн медалийн үнэ цэнийг илүү мэдэрч байна уу?
-Олимпийн медаль бол хаа ч үнэ цэнэтэй. Монголчууд маань спортод дуртай, тамирчдынхаа амжилтад баярлаж хөөрдөг ард түмэн. Ийм сайхан монголчуудаараа л их бахархаж байна даа.
-Ирснээс хойш амарч чадсан уу?
-Ер нь бол зав багатай байна. Гэхдээ тэмцээний үе биш болохоор амарч байгаа.
-Ойрын үед тэмцээн байгаа юу? Бэлтгэлээ хийж байна уу?
-Бэлтгэлийг маш бага, гэхдээ байнга хийж байгаа. Дөрвөн жилд нэг удаа болдог Дэлхийн цомын тэмцээн оны сүүлээр болно. Харин ирэх жилийн хамгийн том тэмцээн бол мэдээж ДАШТ.
-Ирэх жилийн ДАШТ-д орчихоод мэргэжилд шилжиж магадгүй гэсэн яриа сонсогдож байсан. Энэ талаар бодож төлөвлөсөн зүйл байна уу?
-Би ирээд, тайвширсны дараа нэлээн удаан бодлоо. Тэгээд ямар ч байсан 2016 он хүртэл боксоороо хичээллэж, тэмцээн уралдаанд орохоор шийдсэн. 2016 оны олимпод оролцож, амжилтаа ахиулах болно оо.
Г.БАЯРСАЙХАН