МАН-ын Сонгинохайрхан дүүргийн хорооны даргын албаа Д.Баярсайхан өчигдөр үндэсний бөхийн аварга Д.Сумъяабазарт хүлээлгэж өглөө. Д.Баярсайхан сонгуульт ажлаа эрүүл мэндийн шалтгаанаар өгөх хүсэлтээ МАН-ын нийслэлийн хорооны шинэ дарга Ц.Сундуйд гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн хорооны хурлыг өчигдөр хийлгэсэн байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Цэрэндорж, НИТХ-ын төлөөлөгч асан Д.Сумъяабазар нар МАН-ын Сонгинохайрхан дүүргийн хорооны даргын сонгуульд нэр дэвшин, санал тоолоход хорооны 76 гишүүний санал тэнцэж, дахин санал хураахад хүрчээ. Хоёр дахь санал хураалтаар Д.Сумъяабазар 17 хүний саналаар илүүрхэн, МАНын Сонгинохайрхан дүүргийн хорооны даргаар сонгогдов. УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтад бэлтгэх, дүүргийн ИТХ-ын сонгуульд намын хороогоо удирдан оролцох гээд олон ажил Д.Сумъяабазарын нуруун дээр ирж байна. Тэрбээр УИХ-ын сонгуульд Сонгинохайрханы тойрогт ялагчгүй үлдсэн нэг мандатын төлөө АН-ын Л.Эрхэмбаяртай энэ намар дахин өрсөлдөх юм. Харин МАН-ын бусад дүүргийн хороодын дарга нар тайлангаа бэлтгэж байна. МАН-ын Удирдах зөвлөл нийслэлийн дүүргүүдийн хорооны хурлыг энэ сарын 25-нд багтаан хуралдуулах шийдвэр гаргаад байсан билээ. Гэвч МАН-ын нийслэлийн хорооны шинэ дарга Ц.Сундуй хороодын дарга нараас буюу өнгөрсөн дөрвөн жил Засаг даргаар ажилласан хүмүүсээс хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон сонгуульд амжилтгүй оролцсон шалтгаан зэргийг сонсохын тулд Сонгинохайрханыхаас бусад хорооны хурлын товыг хойшлуулахаар болсон байна.