Улирч буй долоо хоногийн эхний өдөр УИХ-ын анхдугаар чуулган хаалтын хуралдаанаа хийж, “Шударга ёс” эвслийн дөрөв, ИЗНН-ын нэг сайдыг баталснаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар албан ёсоор бүрэлдэв. Шадар сайд Д.Тэрбишдагва, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Сангийн сайд Ч.Улаан, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар томилогдсон даруй тамгаа хүлээн авсан бөгөөд “шинэчлэл” овогтой Сайд нарын танхим бүрэн бүрэлдэхүүнээр ажилдаа орсон долоо хоног өнгөрч байна.
Энэ нь Ц.Элбэгдорж 2004 оны наймдугаар сараас 2006 оны нэгдүгээр сар хүртэл эвслийн Засгийн газрын Ерөнхий сайдаар ажилласнаас хойшхи сүүлийн зургаан жил гаруйн хугацаанд АН-ын даргын тэргүүлж буй анхны Засгийн газар юм. УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнд бүрэлдсэн Засгийн газрын гишүүдийг томилох үйл явцад МАН-ын гишүүд сөрөг хүчний хяналтаа тавихаас татгалзсан нь улс төрийн амьдралд багагүй анхаарал татаж байна. УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд бүлэг байгуулах боломжоо Спикерээс нэхэн, шинэчлэлийн Засгийн газрын “үр хөврөлд” эсэргүүцэл үзүүлсэн хэрэг. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ургац хураалт, хичээлийн шинэ жил, өвөлжилтийн бэлтгэл, ирэх хаврын нөөц бүрдүүлэх ажилтай холбогдуулан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан даалгавар хүргүүлснийг 18 сайдад мөн хаяглах нь зүйтэй.
Сайд нарын томилгооны араас яамдын дэд сайд болон агентлагийн даргын албан тушаалд очих гэсэн горилогчдын бужигнаан Засгийн газарт хамтарсан намуудад газар авч байна. Томилгоо тойрсон улс төрийн нүүдэлд хэт автан алгуурлавал хайруу өвөл, хахир хавар гал алдах магадлал ч бий. Шинэ тутам Засгийн газар өмнөө тулгамдаад буй ажлаа шалавлан амжуулах цаг үеийн шаардлагыг Ерөнхий сайд дагах биз ээ.