БШУ-ы сайд Л.Гантөмөр төрийн өмчийн их, дээд сургуулийн санхүү хариуцсан захирлуудыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Тэд 2012-2013 оны хичээлийг жилийн сургалтын төлбөрийг 20- 25 хүртэл хувиар нэмэх саналаа сайдад тавьсан юм. Өнөөдрийн байдлаар ШУТИС-ийн сургалтын төлбөр дунджаар сая 20 мянга, МУИС-ийнх 1.3 сая төгрөг юм байна. Их сургуулийн удирдлагууд багш нарынхаа цалинг нэмэхийн тулд сургалтын төлбөрийг нэмэн 1.6 сая төгрөг болгох шийдвэр гаргаснаа илэрхийлэв. Энэ талаар сайд “Төлбөр нэмэх болсон шалтгаанаа батлахыг хүсэж, жилийн жилд их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэх талаар ярьдаг. Энэ асуудлыг нэг мөр шийдэж болдоггүй юм уу” гэв. Уулзалт нэлээд удаан үргэлжилсний эцэст сургалтын төлбөрийг 10 хувиар нэмэхийг зөвшөөрч, энэ нэмэгдлээрээ багш нарынхаа цалинг нэмэхэд зарцуул гэх шийдвэрийг Л.Гантөмөр сайд гаргажээ.