Шинэчлэлийн Засгийн газар өнгөрөгч бямба гаригт бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа хуралдаж гаргасан шийдвэрээр Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгосон юм. Ингэснээр өмнө нь Эзэн Чингис хааны хөшөөны урд зургаа авахуулах хүсэлтэй хүмүүс урамгүй буцдаг байснаа больж, наадмаар ганц удаа барааг нь хардаг Төрийн есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэх боломжтой боллоо. Энэхүү шийдвэрийн дагуу өчигдөр морин цагт Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборыг нээж Төрийн түүхийн музейн зарим үзмэрийг дэлгэн үзүүлэв. Ёс лолын ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва, Соёл, спорт, аялал жуучлалын сайд Ц.Оюунгэрэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг болон албаны бусад хүн оролцов. Ерөнхий сайд энд хэлэхдээ “Монголын төр түмэн олондоо нээлттэй тунгалаг байх эхний ёслолд ирсэнд баярлалаа. Бид анхныхаа хурлаар 10 гаруй асуудал авч хэлэлцсэний нэг нь төрийнхөө ордныг нээлттэй болгосон явдал юм. Төрийн маань түүх 2000 гаруй жилийн тэртээгээс эхтэй. Төрийн ордныг нээлттэй болгох нь хүүхэд, залууст эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, түүх соёлоо дээдлэн хүндэтгэх, гадаадын жуулчдад улсынхаа төрт ёс, төрийн түүх, үндэсний зан заншлыг таниулахад чухал ач холбогдолтой” гэлээ.
Эзэн Чингис хааны хөшөөнд төрийн хүндэт харуулын 26 цэрэг хүндэтгэл үзүүлэн жагсаж, хүндэтгэлийн тууз хайчлан иргэдийг дотогш оруулав. Харин энэ үеэр зохион байгуулалт муу байснаас иргэд Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт орох гэж нэлээн шахцалдав. Гэлээ ч иргэд Эзэн Чингис хааны хөшөө болон есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж зургаа татуулж байлаа.
Энэ үйл явдалд оролцсон Я.Тунгалаг гуай “Тугандаа мөргөж хийморио сэргээгээд сайхан байна. Түүх дурсгалынхаа зүйлийг сайхан хадгалан ард түмэндээ дэлгэн үзүүлж байгаад баяртай байна” хэмээж байлаа. Дөрвөн танхимтай, хоёр мянган гаруй үзмэртэй Төрийн түүхийн музейг одоогоор засварлаж буй, ирэх намраас ашиглалтад орох аж. Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд музейн үзмэрүүд болох Цэргийн хар туг, бурханч лам Г.Пүрэвбатын зурсан Очирваань бурхны зураг, Эрдэний очир одон, БНМАУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын даргын барьж байсан төрийн тамга, Их Монгол Улсын 806 жилийн ойд зориулж хийсэн тулга, галын хайчийг энд тавьсан байв. Төрийн алтан сүлдэндээ мөргөхөөр иргэд олноор дугаарлан зогсож, адис авч байлаа. “Би Төрийн ордонд анх удаагаа орж үзэж байна. Найзуудтайгаа хамт Их хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлж, зочилж байгаад баяртай байна. Монголчууд хамгийн анх зоосон мөнгө ашигласан ард түмэн гэж нэрлэгддэг.
Гүюг хааны үед 1245-1250 онд хэрэглэж байсан мөнгөн зоос, төрийн тамга гэх мэт үзмэрүүд таалагдлаа. Ард иргэдийг Төрийн ордонд чөлөөтэй орох боломж олгосон нь шинэчлэлийн Засгийн газрын нүдээ олсон шийдвэр байна” хэмээн А.Шижир өгүүлэв. Долоо хоног бүрийн бямба, ням гаригт Эзэн Чингис хааны хөшөөнд төрийн хүндэт харуул хүндэтгэл үзүүлж байх бөгөөд иргэд цаашдаа Төрийн ордонд тодорхой цагийн хуваарийн дагуу нэвтэрч төрийн түүх, соёлын холбогдолтой үзмэрүүдийг үнэ төлбөргүй сонирхож байх аж.