Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй Засгийн газрын гишүүд Хөгжлийн банк болон улсын төсвийн санхүүжилтээр нийслэлд хийж буй зарим замын ажилтай өчигдөр танилцав. Яармагийн гүүрнээс Нисэх, Яармагийн товчоо хүртэлх 13.7, Зүүн дөрвөн замаас Ботаникийн эцсийн буудал хүртэлх 4.1 км авто замын засвар шинэчлэлтийн ажилтай танилцсаны дараа Ерөнхий сайд замын өртөг, ашиглалтад орох хугацаа иргэдэд тодорхой байхыг онцоллоо. Тухайлбал, Яармагийн гүүрнээс Нисэх, Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэл зургаан эгнээтэй 13.7 км замыг “НКВ интернэйшнл холдинг” компани ирэх оны аравдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар ажиллаж буй аж. Харин Зүүн дөрвөн замаас Ботаникийн эцсийн буудал хүртэлх автозамыг “Ялгуусан” компани ирэх оны наймдугаар сард ашиглалтад оруулах гэнэ. Ерөнхий сайд “Манай компаниуд замын ажлыг он дамнуулдгаа болимоор юм. Цаашид зам барих мөнгийг Төрөөс шууд гаргана. Харин тендерийн хуульд ямар өөрчлөлт оруулмаар байгаагаа холбогдох албаныханд хэлээрэй” гэв.