УИХ-ын гишүүн, Шадар сайд асан М.Энхболдоос Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан тайлбар авсан сурагтай. Харин хууль хяналтын байгууллагынхан үүнийг нэлээд нууцалж буй гэнэ. Шадар сайд асан М.Энхболдоос тус албаныхан тайлбар авах болсон шалтгаан нь түүний нэрийг барьж, гэмт этгээдүүд бусдыг залилан мэхэлсэнтэй холбоотой аж. УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийг дээрх алба сэргээн шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Уг хэргийн мөрдөн байцаалт дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас нэмэлт мөрдөн байцаалтад буцаж ирсэн байна. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны эх сурвалжаас лавлахад ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзав.
НПГ-ын албаны хүнээс тодруулахад “Энэ хэргийн нэг холбогдогч, УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн туслахаар ажиллаж байсан Д.Сайнбаяр нь дахин хүн залилсан тухай гомдол мөрдөн байцаах байгууллагад ирсний улмаас хэргийг нэгтгэн шалгахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан” гэлээ. Бидэнд олдсон мэдээллээр, Д.Дондогийн туслахаар ажиллаж байсан Д.Сайнбаяр нь Шадар сайд М.Энхболдын нэрийг барьж бусдаас 100 сая төгрөг залилан авсан гэнэ. Тэрбээр нэгэн компанийн захиралд “Цанын бааз байгуулах 100 га газар олж өгнө. Нэг тэрбум төгрөгөөр олж өгье” гэж эхэндээ ярьсан байна. Улмаар үнээ хямдруулж, 500 сая төгрөгөөр цанын баазын газар олж өгье, урьдчилгаа 100 сая төгрөгөө өгчих” гээд авчээ. Хохирогч түүнээс газар юу болж байгааг лавлахад “Шадар сайд М.Энхболд газрыг чинь бүтээж өгнө. Хотын дарга Г.Мөнхбаярыг дуудаж уулзсан, газар чинь өнөө маргаашгүй бүтнэ” гэж худлаа хэлсээр нэлээд хугацаа өнгөрсөн аж. Компанийн захирал аргаа ядаад, хууль хяналтын байгууллагад хандахад өмнөх залилангийн хэрэг нь шийдэгдээгүй хэмээн Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд өргөдлийг нь шилжүүлжээ.
Д.Сайнбаяр нар Д.Дондогийн хэрэгт холбогдон шалгуулж байгаад батлан даалтад гарсан байх үедээ Шадар сайд асан М.Энхболдын нэрийг барьж бусдыг залилсан бөгөөд өдгөө тэднийг дахин цагдан хориод байгаа гэнэ. Д.Дондог нарын өмнөх хэргийг эргэн сануулахад, тэрбээр УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохын өмнө хотын “А” зэрэглэлийн бүсэд барилга барих газар хайж байсан “Меритон” компанийн удирдлагад “Надад мөнгө яаралтай хэрэгтэй байна. Газрын асуудлыг жич шийдэж өгч болно. Би зөвхөн сонгуульд ялах нь чухал байна” гэж хэлж, тус компаниас “Сум бар” ХХК-ийн захирал А.Батбилэг, өөрийн туслах Д.Сайнбаяр нараар дамжуулан мөнгө авсан хэрэгт холбогдоод буй билээ.