Шатрын Олон улсын их мастер Түвшинтөгсийн Батчимэг энэ өдрүүдэд Монгол улсынхаа шатрын эмэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд орж, Туркийн Истанбул хотноо болох дэлхийн 40-р олимпиадад өрсөлдөнө. Тэрбээр хоёрдугаар ширээнд өнөөдөр эхний тавилаа наадах юм. Их мастер, шатарчин бүсгүй Т.Батчимэгтэй манай сурвалжлагч эх орноосоо мордохынх нь өмнө уулзаж ярилцсанаа толилуулж байна.
-2012 он Монголын шатарчдын хувьд үйл явдал ихтэй, амжилт арвин байх бололтой?
-Тийм шүү. Монголын шатрын холбооноос насанд хүрэгчдийн улсын аварга, Монголын бүх ард түмний XIII их наадмын шатрын тэмцээнийг хөдөө орон нутагт Өвөрхангай, Дархан-Уул аймагт зохион байгуулсан. Шатарчдаас маань тав дахь олон улсын их мастер төрлөө. Тивийн аварга шалгаруулах тэмцээнд өсвөрийн шатарчид амжилттай оролцлоо. Оюутан шатарчид оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оюун ухаанаа уралдууллаа. Тэгш тоотой жилд Олон улсын шатрын холбооноос дэлхийн шатрын олимпиадыг зохион байгуулдаг уламжлалын дагуу энэ сарын 27-ноос есдүгээр сарын 10-ны өдрүүдэд Туркийн Истанбул хотноо ээлжит 40-р олимпиад зохиогдоно. Олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ дасгалжуулагч П.Жигжидсүрэн, Ц.Батсайхан нарын удирдлага дор хоёр долоо хоногийн турш орон орны шилдгүүдтэй оюун ухаанаа уралдуулан өрсөлдөнө. Миний хувьд шатрын олимпиадад улсынхаа эмэгтэйчүүдийн шигшээ багийн хоёрдугаар ширээнд тоглоно. Хамгийн гол нь тэмцээндээ амжилттай оролцох, чансаа рейтингээ ахиулах зорилгоо биелүүлэх төлөвлөгөөтэй. Би дэлхийн шатрын олимпиадад оролцолгүй арван жил болжээ. Хилийн чанадад суралцсан тул хэдэн жил завсарлсан тал бий. 2002 онд анх 16 настайдаа дэлхийн шатрын олимпиадад улсынхаа эмэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд орж байлаа. Тэр жилээ эмэгтэйчүүдийн олон улсын мастерын болзол хангаж билээ. 2010 онд ОХУ-ын Ханты-Мансийск хотноо зохиогдсон 39-р олимпиадад оролцох хүсэл байсан ч тухайн үеийн холбооны удирдлага санаатай гэх үү, оролцуулаагүй юм. Харин энэ удаагийн олимпиадад бүх чадлаа дайчлаад, амжилттай тоглож, ширээндээ өндөр амжилт үзүүлэн рейтэнгээ ахиулж, улсынхаа нэрийг дуурсгах өндөр зорилт өвөрлөн явж байна.
-Шатарчин Т.Батчимэгийн хувьд 2011 он багагүй амжилтын жил байсан гэж хэлж болох байх?
-2011 оны дөрөвдүгээр сард зохиогдсон эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн 43 дахь удаагийн УАШТ-д би амжилттай тоглож, анх удаа улсын аваргын алдрыг хүртэж байлаа. Улсын аваргын тэмцээний гараагаа тун тааруу, хоёр дараалсан хожигдлоор эхэлсэн ч сүүлийн тавилууддаа амжилттай тоглож нэгэн хүслээ биелүүлсэн. Би анх 16-тайдаа насанд хүрэгчдийн улсын аваргаас хүрэл медаль зүүж байсан удаатай. Таван жилд завсарласны эцэст 2010 онд мөнгөн медаль хүртсэн. 2011 онд би УАШТ-ээс гадна рапид, блиц, оюутны улсын аварга болсон. Мөн оюутны дэлхийн аваргаас багийн төрөлд алтан медаль хүртсэн. Оны сүүлчээр зохиогдсон Чин ван Ханддоржийн нэрэмжит дэлхийн монголчуудын анхдугаар олон улсын тэмцээнд амжилттай оролцож, эрэгтэй олон улсын мастерын болзол хангасан. Энэ бүх амжилтыг минь үнэлж Монголын шатрын холбооноос “2011 оны шилдэг шатарчин” хэмээх алдрыг хүртээсэн юм. Миний багш, дасгалжуулагч Ц.Батсайхан ч оны шилдэг дасгалжуулагч болж, бид бөөн баяр болж байлаа. Өөрийгөө оны шилдэг шатарчин болно гэж ёстой бодоогүй. Их мастер Б.Мөнгөнтуул гээд л амжилт гаргасан олон шатарчин байсан. Хамгийн гол нь миний амжилт тогтвортой байж, оролцсон тэмцээн бүртээ жигд тоглосон нь нөлөөлсөн байх. Монголын шатрын холбооны удирдлагууд солигдсоноор шатарчдад илүү дэмжлэг үзүүлэх болсон. Тодорхой дэмжлэг байсан болохоор тоглоход урамтай байлаа.
-Хэчнээн балл авсан тохиолдолд эрэгтэйчүүдийн олон улсын мастер болдог юм бэ?
-Шатарчдын хувьд олон улсын шатрын холбооны зохих болзлыг биелүүлсэн тохиолдолд цолыг ФИДЕ-гээс албан ёсоор хүртээдэг юм билээ. Б.Мөнгөнтуул, бид хоёр эмэгтэйчүүдийн олон улсын их мастер цолтнууд. Түүнчлэн эрэгтэйчүүдийн цолны болзлыг биелүүлсэн. Гурван удаа олон улсын мастерын болзлыг биелүүлж, рейтинг 2400-гаас дээш байвал эрэгтэй олон улсын мастер цол олгодог журамтай. Аливаа спортын төрөлд эрэгтэй, эмэгтэй тамирчны чадамж өөр байдаг. Шатрын хувьд бол хүйсийн харьцаа харьцангүй бага мэдрэгддэг. Харин ч эмэгтэй шатарчдад илүү боломж гардаг байх.
-Шатрын спортод анх хөл тавьсан үеэ эргээд дурсвал?
-Зургаан настайдаа шатар тоглож сурсан. Анх ааваараа шатрын нүүдэл заалгасан. Миний аав зохиолч Б.Нямаа агсны хүү нарын нэг шүү дээ. Миний аав Н.Түвшинтөгс одоо ч Монголдоо шатрын спортыг хөгжүүлэх, шилдэг шатарчин төрүүлэх үйлст хүчин зүтгэж, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, Монгол туургатны “Урамтай шатар” холбооны гүйцэтгэх захирлын сонгуульт албыг хашиж яваа. Миний ах, эгч нар бүгд шатар тоглодог. Эгч Т.Батцэцэг олон улсын мастер, насанд хүрэгчдийн улсын олон удаагийн аварга шатарчин. Ах Т.Батзориг спортын мастер, өсвөр үеийн улсын олон удаагийн аварга, оюутны дэлхийн аваргын багийн хүрэл медальтай. Дүү Т.Баярцэцэг спортын дэд мастер, өсвөр үеийн улсын аварга. Аавын талынхан бүгд шатарчин хүмүүс. Олон улсын мастер Н.Төмөрхуяг агсан, ФИДЕ-гийн мастер Н.Тунгалаг, Н.Төвсанаа, спортын мастер Н.Төрбат агсан нарын улсын аваргын алдрыг хүртэж байсан шатарчдыг монголчууд сайн мэдэх байх аа. Тэд чинь миний авга ах, нагац эгч нар. Гэр бүл, хамаатнуудынхаа нөлөөгөөр өөрийгөө өдий зэргийн шатарчин болж яваа гэж ойлгодог.
-Анхны оролцсон тэмцээн юу байв?
-Монголын хүүхдийн ордноос зохион байгуулдаг “Цодгор хүү” өсвөрийн шатарчдын тэмцээнд зургаан настайдаа анх орж байлаа. Тэр тэмцээнийг миний авга ах Н.Төрбат агсан анх санаачилсан түүхтэй. Энэ тэмцээнээс Монголын олон шилдэг шатарчид төрснийг дурсахад сайхан байна. Одоо авга ах Н.Төвсанаа бид хоёр л идэвхтэй шатар тоглож байх шив дээ. Аавын талынхан таван үеийн удмаараа шатарчид. Шатарчин ах, эгч нараасаа их зүйл сурсан, амжилтад маань ч нөлөө үзүүлснийг үгүйсгэх аргагүй. Гэр бүлээрээ шатрын спортод дуртай болохоор орон орны шатрын цуглуулгатай. Миний өвөөгийн тоглож байсан нэлээн дээр үеийн хуучны модон шатар манайд байдаг юм. Энэ жил Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, гурван төрөлд аваргалсан Т.Батцэцэг эгчийн том хүү Е.Төгстөмөр гайгүй шатарчин болох шинжтэй. Одоо дөнгөж зургаахан настай. Биднийг залгамжлах дараагийн үе болон тоглож байна. -Уралдаан тэмцээнд амжилт үзүүлэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл юу байдаг бол? -Шатар бол ганцаарчилсан спортын төрөл. Юуны өмнө сайн дасгалжуулагчтай байх ёстой. Санхүүгийн асуудал, бэлтгэл сургуулилт сайн байх нь амжилт гаргах гол үндэс болно. Тэмцээн уралдаанд байнга оролцвол амжилт ахина. Энэ дашрамд тэмцээнд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлж, бүх талаар дэмжин тусалж байдаг ШШГЕГ-ын дарга, бригадын генерал М.Ганхүү, Захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа Х.Пүрэвсүрэн, Санхүү, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа О.Шагдарсүрэн, “Сүлд” спорт хорооны дарга, улсын заан Ц.Баярсайхан нартаа баярлаж явдгаа илэрхийлье. Би 2010 оноос “Сүлд” спорт хорооны тамирчин болж явна.
-Шатарчдын хувьд сэтгэл зүйн бэлтгэл юу юунаас чухал байдаг болов уу?
-Шатар бол оюун ухааны спорт. Сэтгэл зүй тогтворгүй байх нь спортын амжилтанд сөргөөр нөлөөлөх талтай. Надад сэтгэл зүйн зөвлөгөө авдаг мэргэжлийн хүн одоогоор байхгүй. Ц.Батсайхан багш минь л миний сэтгэл зүйч, дасгалжуулагчар ажиллаж байна.
-Шатарчид тоглолтын дараа их ядардаг юм билээ. Таны хувьд?
-Нэг тоглолт дунджаар 5-7 үргэлжилдэг гээд бод доо. Миний хувьд тэмцээн өндөрлөсний дараа нам унтдаг. Шатарчид стрессээ тайлахын тулд өөр төрлийн спортоор хичээллэх шаардлага тохиолддог. Би гүйх дуртай. Гэртээ дасгал хийхгүй болохоор бие нозоороод хэцүү байдаг юм. “Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг” гэсэн сургаалийг байнга бодож явдаг.
-Дэлхийн шилдэг шатарчидтай хэр олон удаа тоглоод байна вэ?
-Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчидтай харьцангүй цөөн тоглосон. Өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхдаа нэлээн хэдэн орны шатарчидтай тоглож байснаа санаж байна. Энэтхэгийн их мастер Х.Конеру , Хятадын их мастер Жао Сьюз, Францын их мастер Мария Себаг гэх мэт үе тэнгийнхээ шатарчидтай өсвөр үеийн ДАШТ-д учирч байлаа. АНУ-д байх он жилүүдэд нутгийн нэр бүхий цөөнгүй шатарчидтай тоглож үзсэн. Гата Камский, Накамура гэх мэт. Түүчлэн 2010 оны Гуанжоугийн Азийн наадамд дэлхийн аварга, Хятадын их мастер Хоу Ифань, их мастер Жао Сьюз нартай тоглосон. 2006 онд эрэгтэй их мастер Фишбейг Америкийн аварга шалгаруулах тэмцээнд хожиж байсан нь миний хувьд шатрын эрэгтэй их мастерыг хожсон анхны тохиолдол. Өөрөөсөө өндөр чансаатай шатарчинг хожиход их урам ордог юм билээ. Би Америкийн аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ гурван их мастерыг хожиж, эмэгтэйчүүдийн олон улсын их мастерын болзол анх биелүүлсэн юм. Истанбулын олимпиадын үеэр цөөнгүй орны шилдгүүдтэй тоглох байх аа.
-Таныг Английн их мастер Найжел Шорттой тоглож байсныг санах юм?
-Манай аав нэгэн үе Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж, Монголдоо “Шатрын их мастер” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байлаа. Эх орондоо “Цагаан сар” олон улсын тэмцээнийг зохион байгуулж, Монголоос анхны олон улсын их мастер төрж байв. Аавын маань урилгаар Английн их мастер Найжел Шорт гэр бүлийн хамт манай эх оронд зочлох үеэр би тэр том шатарчинтай таван минтутын блиц тоглолт хийх боломж тохиосон юм. Их мастер Н.Шорттой гэр бүлийн хүрээнд өдгөө ч сайхан харилцааатай байгаа.
-Шатарчин бүсгүй маань ямар мэргэжилтэй билээ?
-Биотехнологич мэргэжлийг АНУ-д эзэмшсэн. Одоохондоо шатрын спортод түлхүү анхаарч, мэргэжлээрээ ажиллах завгүй л явна. Залуу, бас ид тоглож байгаа үедээ зорилгоо биелүүлж, санасан амжилтаа үзүүлэхийг хичээж байна гэх үү дээ. Зорилгоо биелүүлсний дараа ирээүйд мэргэжлээрээ хүчээ сорих бодол тээж явдаг.
-Монголд шатрын спортоор амьдралаа залгуулах боломж хэр байдаг бол?
-Шууд хангалттай гэж хэлэхгүй. Манайд шатрын уралдаан тэмцээний шагналын сан харьцангүй бага шүү дээ. Тэмцээн бүрээс шагнал аваад байх хэцүү. Эмэгтэй шатарчид эрэгтэй шатарчдын тэмцээнд оролцоод тэр бүр түрүүлээд байх боломжгүй. Зөвхөн тэмцээн уралдааны шагнал урамшууллаар амьдрах аргагүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд оюуны спортыг ойлгож, үнэлж, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг ивээн тэтгэгч бий болж буй нь сайшаалтай.
-Ирээдүйнхээ амьдралыг хэрхэн төсөөлж байна вэ?
-Амжилтад хүрнэ гэж бодож яваа бол тодорхой хэмжээний золиос гаргах хэрэгтэй л дээ. Би тэр талын хүн байх. Гэхдээ мэдээж хүнтэй суухгүй гэсэн үг биш. Одоо надад авьяас, боломж байна. Тийм учраас одоохондоо түүнийгээ ашиглаж, эх орныхоо нэр алдрыг мандуулахыг хүсэж, хичээж явна. Намайг сайн ойлгож, дэмждэг хүнтэй гэрлээд илүү амжилт үзүүлэхийг ч үгүйсгэх аргагүй шүү дээ.
-Сайхан ярилцсанд баярлалаа.
-Эцэст нь энэ завшааныг ашиглан шатрын олон улсын их мастерын хувьд Монголын шатрын холбоо, Монгол туургатны “Урамтай шатар” холбооноос үе үеийн шатарчдыг төлөөлөн “Шатрын спортыг дэмжүүлэх тухай” урамшууллын зарлиг гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүсэн уламжилсныг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж байна.
Д.ГЭНЭЭ