Монголчууд намар дөхөхөөр “Муу мэлхий наймдугаар сараас” гэж ярьдаг даа. Мэлхийн муу, сайнд ч биш, тэртэй тэргүй ундрах ажлыг эртнээс нугалах хэрэгтэй гэсэн сургаалийг зүйрлэн хэлсэн нь тэр. Ерөнхий сайдын санаагаар болдог бол УИХ-ын ээлжит бус чуулганы үйл ажиллагаа эхлэх маргаашийн мандах нарнаас урьтаад 16 яамны дэд сайдыг ажилд нь оруулчихмаар л байнасанж. Улс төрийн томилгоо сунжрах тусам улам их улстөрждөг, бүр их хэл ам гаардаг жамтай. Яамд шинэчилсэн бүтэц, бүрэлдэхүүний дагуу ажиллах гээд ширээ, сандлын хөдөлгөөн эхэлж буй энэ өдрүүдэд дэд сайд нарын томилгоог жигдрүүлээд авах нь зөв юм. Горилогч болгоны нэрийн араас хөөцөлдөөд явж байх зав хаа байх вэ. Гэвч өчигдрийн байдлаар дэд сайд нарыг томилсонгүй. Өнөөдөр ч томилох янзгүй байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлахад хэвлэлийнхэн дэмий л дэдүүдийг сураглаж өнжлөө. АН-ын дэд сайд нар тодорсон уу Ардчилсан нам дэд сайд нарынхаа нэрсийг тодруулсан тухай мэдээллийг эх сурвалж өчигдөр дамжуулсан юм. Ийм сураг гарахын өмнө намууд аль яаманд дэд сайд томилох хуваарь дээрээ ярьж тохирсон байх учиртай. Одоогоор Засгийн газарт хамтарч буй гурван нам, эвсэл дэд сайд томилох яамдаа хуваагаагүй байгаа юм байна. Харин үүний дараа тодрох учиртай дэд сайд нарын нэрс албан бусаар хэвлэлийн хуудсыг “чимэглэсээр” байна. АН 11 яамны дэд сайдыг томилох эрхийн төлөө зүтгэж буй. Энэхүү томилгоонд “Алтангадас” гурав, МҮДН, МоАХ, “Нэг ардчилал”, “Шонхор” гэсэн фракцууд тус бүр хоёр дэд сайд нэрлэх эрхтэйгээр оролцож байгаа аж. Ингэхдээ тухайн яамны сайд болон дэд сайдын харьяалах фракцыг зөрүүлж томилох бодлого ч баримталж буй гэнэ. Өдгөө АН-д 11 дэд сайдын төлөө хэвлэлээр нэр нь байнга сонсогдож буй хэдэн эрхмээс гадна 100-гаад хүн өрсөлдөж, фракцуудын дотоодод нэлээд “дажин” үүсгэж байгаа сурагтай. АН аль яамдын дэд сайдыг томилох вэ гэсэн асуулт одоогоор хариултг үй үлдлээ. Гэхдээ МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон ИЗНН-ын дэд сайд нарт ногдсоноос бусад яамыг АН өөрийнхөө хүмүүст авсан гэсэн үг болох юм. Тиймээс эдгээр нам, эвсэл дэх эх сурвалжийн мэдээллийг сонсъё.
“Шударга ёс” таван яамыг авах санал тавьжээ
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл дэх эх сурвалжийн өгүүлж байгаагаар бол, тус эвсэл Гадаад хэргийн, Хууль зүйн, Боловсрол, шинжлэх ухааны, Уул уурхайн, Барилга, хот байгуулалтын гэсэн таван яамны дэд сайдыг томилох саналаа Ерөнхий сайд Н.Алтанхуягт илэрхийлсэн байна. Эвслийнхэн эдгээр таван яамыг “МАХН-д гурав, МҮАН-д хоёр” хэмээн эв найрамдалтайгаар хувааж аваад байгаа юм. Түүнчлэн Ч.Чимидс үрэн, Б.Тулга, Э.Эрдэнэжамъян Б.Дэлгэрцогт, Б.Цогтгэрэл нарыг дэд сайдад нэр дэвшүүлэх тухай мэдээлэл хэдийнэ хэвлэлээр гараад буй. Гэвч АН-ын тэдэнд хуваарилсан дэд сайдын оноолт дөрөв. АН Хууль зүйн дэд сайдыг эвсэлд өгөх бодолгүй байгаа аж. Дэд сайдын албан тушаал горилж буй болоод оноохоор төлөвлөсөн тооны зөрүүг арилгах тухай хэлэлцээ одоогоор АН, “Шударга ёс” эвслийн хооронд болоогүй байгаа нь дэд сайдын томилгоо сунжрах магадлалыг нэмж байна. АН хэрэв МАХН, МҮАН-ын дунд дөрвөн дэд сайдын суудал өгвөл эвслийнхэн ахиад л 2:2, эсвэл 3:1 гэсэн харьцаа үүсгэн маргалдах болно.
ИЗНН-ын СПОРТЫН МАСТЕР, СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН
ИЗНН-д Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайдын суудал ногдох тухай бид өмнө нь мэдээлсэн. Уг суудалд ИЗНН Г.Ганхүүгээ томилохоор ярилцаж байгаа аж. Улстөрч, дуучин, сэтгүүлч, аялагч, бизнесмэн гээд тал бүрээр “мэргэшсэн” түүнд Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайдын алба ахдахгүй биз ээ. Дашрамд сонирхуулахад, Г.Ганхүү уулын спортын мастер төдийгүй соёлын тэргүүний ажилтан юм байна.