Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” зарлиг гаргажээ. Тус зарлигт жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг Номын баярын өдөр болгон өргөнөөр ёслон тэмдэглэсүгэй. Эл арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, сумдад хүүхэд, залуучууд, ард иргэдийг өргөнөөр оролцуулсан ёслолын ажиллагаа зохион байгуулж, хэвлэмэл болон сонсдог, дижитал буюу тоон технологид суурилсан номын үзэсгэлэн худалдаа гаргах талаар дурдсан байна.
Түүнчлэн ном солилцох, бэлэглэх, хандивлах, шилдэг ном шалгаруулах, номын зохиогчийг алдаршуулах, сайн уншигчийг тодруулах ажиллагаа явуулах, зохиолч уншигчдын уулзалт ярилцлага хийх уламжлалаа сэргээж “Номын сайн нөхөр” тэмдэгтнийг олноор төрүүлэх, тэднийг сургууль, анги, хамт олон нь зүйл бүрээр хөхиүлэн дэмжих, хэвлэл мэдээллээр сурталчлах, аймаг, сум, тосгонд ном унших нийтийн танхим, номын сан байгуулж тохижуулах зэрэг арга хэмжээ авахыг зарлиг болгожээ. Мөн энэ өдөр бүх нийтээр ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэн ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, эцэг эх, багш, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжид уриалсугай” гэжээ.