АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийг албан ёсоор зарлах их хурал Флорида мужийн Тамп хотод эхэллээ. Дөрвөн өдөр үргэлжлэх уг их хуралд тус намын 2286 төлөөлөгч, 2125 төлөөлөгчийг орлогч оролцож байгаа бөгөөд 15 мянган сурвалжлагч үйл явдлын талаар мэдээлж байна. Ирэх пүрэв гаригт Митт Ромни, Пол Райн нар Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувьд илтгэл тавих бөгөөд үүнээс өмнө нэр дэвшигчдийг батлах эсэх талаар санал хураах гэнэ. Түүний зэрэгцээ тус намын ойрын жилүүдийн хө- төл бөрийг батлах аж. Хөтөлбөрт үр хөндүүлэхийг Үнд сэн хуулиар хориглох, нийгмийн даатгалын шинэчлэл зэрэг асуудлыг тусгахаар зэхэж байна. Дашрамд өгүүлэхэд, энэ удаагийн хуралд Бүгд найрамдах намын гишүүн, АНУ-ын Ерөнхийлөгч асан эцэг, хүү Жорж Буш, Жорж Буш нар оролцохгүй гэнэ. 1980 оноос хойш Бүгд найрамдах намын их хуралд алгасалгүй оролцсон бага Буш эрүүл мэндийн байдал муу гэсэн шалтгаанаар оролцож чадахгүйгээ мэдэгджээ. Гэсэн ч тэрбээр Митт Ромнийг нэр дэвшихийг дэмжиж буйгаа өмнө нь мэдэгдсэн билээ. Тамп хотод болж буй их хурлын үеэр цагдаагийн 5000 ажилтан, Үндэсний гвардийн 1700 цэрэг аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна. Тус хотод байдал одоогоор тайван байгаа ч цаашид эсэргүүцлийн цуглаан болж магадгүй учир хэв журам сахиулах, аюулгүй байдлыг хангах нь онц чухал хэмээн Тампын захиргаа үзэж буй. Үндэсний аюулгүйн байдлын газраас мэдээлснээр, Бүгд найрамдах болон Ардчилсан намын их хурлын үеэр анархистууд халдлага зохион байгуулж магадгүй гэнэ.