
Яамдын дэд сайд нарыг томилох гээд дуншиж байх зуур 43-аас 28 болж, тоо нь цөөрсөн агентлагуудын одоогийн дарга нарыг өөрчлөх сураг чанга сонсогдох боллоо. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулахад агентлагийн статусаа гээж, яамдад уусан шингэсэн агентлагуудын дарга нарын албан тушаал замхрах замдаа оров. Засгийн газрын хуучин бүтцэд ажиллаж байсан Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Хүүхдийн төлөө газар, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар, Удирдлагын академи, Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Ойн газар, Усны газар, Соёл, урлагийн хороо, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Төмөр замын газар, Авто тээврийн газар, Авто замын газар, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Эрчим хүчний газар, Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газрыг татан буулгаснаар хуучин дарга нараас нь “цэвэрхэн” хагацах боломж нээгдсэн гэж ойлгож болно. Эдгээр агентлаг яамдад тарахдаа мөн л нэгээхэн бүтэц болох бөгөөд тэдгээрт шинэ дарга томилох нүх сүв ургаад ирлээ. Улмаар шинэ бүтцээр эмхлэгдэж буй 28 агентлагийн даргыг Засгийн эрх барьж буй АНын боловсон хүчнүүдээс томиллоо гэхэд олон нийтэд хууль бус үйлдэл болж харагдахгүй юм.
Эх сурвалжийн өгүүлж байгаагаар бол, агентлагийн дарга нарын халаа, сэлгээг нэлээд алгуур шийдэх аж. УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх сарын 19-нд хаахаар товлосон бөгөөд үүний дараа зарлан хуралдуулах УИХ-ын намрын ээлжит чуулганы эхэнд Засгийн газар өөрийн мэдлийн агентлагийн дарга нарыг халж, солих асуудлаа шийдэх бололтой.
Олон жилийн дараа Засгийн газарт олуулаа эргэж ирснийх, тасарч үгүй болоод байсан боловсон хүчний залгамж халаагаа үргэлжл үүлэх боломжийг АН алдахгүйг хичээх нь лав.Яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон агентлагийн дарга нарын албан тушаал бол алдаж үл болох “алтан сиймхий” билээ.
Одоогоор Хууль зүйн сайд Х.Тэмүүжин харьяа агентлагийн удирдлагаа “жийн”, шинэ хүн тавих бодолтой байгаагаа нуугаагүй АНын цорын ганц сайд болов. Тэрбээр цагдаа, хүчний байгууллагын дарга нарыг өөрчлөхөөр төлөвлөсөн аж. Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирыг тэтгэвэрт нь гаргаж, оронд нь Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Билэгтийг томилох тухай яриа шаргал ордонд сураг ажиг төдий байхаа больжээ. Энэ томилгоо дэд сайд нарын араас шууд залгаж, агентлагийн дарга нарын халаа, сэлгээний түүчээ болох юм байна.
Ерөнхий сайдын мэдлээс ангид, УИХ-ын даргын гараар “ордог” нэгэн томилгооны эзнийг тодруулахаар хэвлэлийнхэн эртнээс тандсан нь Монголбанкны ерөнхийлөгчийн суудал байлаа. Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээгээр Монгол Улсын Төв банкийг удирдуулах сонирхол УИХын дарга З.Энхболдод байгаа эсэх нь эргэлзээтэй юм. “Шонхор” фракцын лидер өөрөө мэдэж томилно гэвэл Б.Мэдрээ лав биш. Гэхдээ АН-ын фракцууд түүнд энэ албыг өгөхөөр хэдийнэ тохиролцсон байхыг үгүйсгэхгүй.