Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, тус хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нартай санал солилцлоо. Энэ оны арваннэгдүгээр сард явуулахаар хуулийн төсөлд тусгасан орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийн асуудлыг СЕХ-ноос УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанд оруулж, яаралтай шийдүүлэх шаардлагатай байгааг А.Бакей хэлэв. Саналын хуудсыг автоматжуулсан техник хэрэгслээр тоолохын тулд хуудас бүрийг программчлан, ялгавартайгаар хэвлэхэд бэрхшээл тулгарч байгаа талаар СЕХ-ны дарга Н.Лувсанжав учирлалаа.
Тухайлбал, НИТХ-ын сонгуулиар 50-иад төрлийн саналын хуудсыг хэвлүүлэхэд арав гаруй хоног шаардсан байна. Одоо болох орон нутгийн сонгуулийн өмнө хэдэн мянган төрлийн саналын хуудсыг баталгаажуулах шаардлагатай байгаа учраас СЕХ дангаараа эл ажлыг хийхэд хүндрэлтэй болжээ. Тиймээс орон нутгийн сонгуулийн хороодын төлөөлөл ирж, саналын хуудсын мэдээллийг өөрсдөө баталгаажуулах, хяналт тавих боломжийг хуульд тусгуулахаас аргагүйд хүрээд байгаа аж. СЕХ энэ ажлыг дангаараа хийж амжуулна гэвэл цаг хугацааны хувьд ямар ч боломжгүй гэнэ. Түүнчлэн Тагнуулын ерөнхий газар, Мэдээлэл технологийн газартай хамтран цахим тооллогын программ хангамжийг хянах ажил хийх юм байна. Харин орон нутгийн сонгуульд зарцуулах хөрөнгийн төсвийг СЕХ урьдчилсан байдлаар гаргахад 9.2 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо гарчээ.