УИХ дахь МАН-ын гишүүд өчигдөр ээлжит бусаар хуралдаж, Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. МАН-ын гишүүдийн ахлагч Н.Энхболд тус хуралдааны талаар товч мэдээлэл хийв. “Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувийг намын жагсаалтаар сонгох нь улстөржсөн хувилбар бөгөөд улс төрийн нам, хүчнээс хараат байлгах гэсэн маш буруу алхам” гэж МАН-ын гишүүд үзсэн байна. Түүнчлэн уг хуулийн төсөлд Үндсэн хуулийн хэм хэмжээг зөрчсөн заалтууд багтаад байна гэж УИХ-ын гишүүн Н.Энхболд мэдэгдлээ.
Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд сонгуульд санал өгөхийг сонгогчийн үүрэг гэж тусгасан нь Үндсэн хуулийн хэм хэмжээг давсан заалт болохыг МАН-ын гишүүд “илрүүлжээ”. Орон нутгийн сонгуульд саналаа өгөөгүй сонгогчийг төрийн албанаас чөлөөлж, эсвэл томилогдох эрхийг нь хязгаарлах заалтыг “хүний эрх зөрчсөн үйлдэл” хэмээн гэж үзсэн байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан орон нутгийн сонгуулийг арваннэгдүгээр сард зохион байгуулах төслийг цаг хугацааны хувьд зохисгүй гэж үзэж байгаа аж. Зарим малчид өвөлжөөндөө буух гээд ид ажилтай үед, заримыг нь оторт гараад нүүдэллэчихсэн хойгуур санал хураах гэж байгааг тэрбээр шүүмжлэв. МАН-ын бүлгийн гишүүд Байнгын хороодод харьяалагдаагүй, чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхээс өөр эрхгүй оролцож байгаадаа нэлээд бухимдсан байна. “Хуулийн төсөлд саналаа нэмэрлэж, алдаатай заалтуудыг өөрчилье гэвч олонхийн бүлэг цөөнхийн саналыг хүлээж авалгүйгээр өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцүүлсэн хууль батлахын төлөө улайран тэмцэж байна” гэжээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “МАН-ын 25 гишүүн УИХ-д сонгогчдоо төлөөлж байгаа. Манай намын бүлэг байгуулагдсан боловч олонхи биднийг одоо хүртэл хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад хэргийн учир оршиж байна. Тэр ч байтугай УИХ дахь ИЗННын гишүүн С.Дэмбэрэл, МҮАН-ын гишүүн Ц.Цолмон нар МАН-ын гишүүдийг бүлэгтэй болгох хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн ч энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсангүй. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанд МАН-ын бүлгийн гишүүдээс төлөөлөл оролцуулалгүй шийдсэн байгаа юм” хэмээн гомдол мэдүүллээ.
Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ дахь АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд хамтран санаачилж, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ. Уг хуулийн төслийн гол зорилго нь орон нутгийн сонгуулийг холимог хувилбарт шилжүүлэх явдал бөгөөд ИТХ-ын төлөөлөгчийн гуравны нэг хүртэлх хувийг намын жагсаалтаар, үлдсэн хэсгийг тойргийн системээр өрсөлдүүлэн сонгохоор тусгажээ.