Хөвсгөл аймгийн Бурэнхаан сумын нутагт орших фосфоритын ордыг ухаад эхэлсэн тухай таагуй мэдээ дуулдах болоод нэлээд хугацааг удлээ. Үунийг УИХ-ын гишуун асан Батж. Батбаяр, хүүгийн хамт эхлүүлэн, цаашилбал хятадуудад зарах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэх. Харин энэ байдлыг Тагнуулын ерөнхий газар анхааралдаа авч, Батж.Батбаяр болон түүний хүү Б.Батхишигийг шалгаж эхлээд байгаа гэнэ гэх мэдээлэл чих дэлсэв.
Үнэхээр тагнуул хүчний байгууллагууд нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой ийм асуудалд анхаарал хандуулаад эхэлсэн бол сайшаалтай хэрэг. Хандуулах ч ёстой, шалгаж үнэн мөнийг нь тогтоох ч ёстой. Стратегийн ордын жагсаалтад багтаад буй уг ордыг улс төрийн хүрээнд “молекул” тодотголтой Батж. Батбаяр ямар арга замаар, хэнтэй хуйвалдан, хэрхэн хүүгийнхээ нэр дээр шилжүүлэв гэдэг анхаарал татах асуудлын нэг мөнөөсөө мөн билээ.
Түүнээс гадна уг фосфоритын ордыг ашиглаад эхэлвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлэх хортой ажээ. Учир нь уг ордоос 100-хан километрийн зайтай Хөвсгөл далай байдаг. Монголын төдийгүй дэлхийн цэвэр усны нөөцийн тоонд зүй ёсоор бүртгэгдсэн далай руу ашиглаж эхэлснээс хойш ногоон өнгөтэй бодис газар дээгүүр ил урсан чиглэх болсон тухай нутгийнхан ярьсаар, шаналсаар байгаа. Гэвч тэдэнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болж эрх мэдэлтэй гэсэн бүхэн амаа үдүүлсэн мэт тоож харахгүй байгаа нь гачлан болоод байгаа гэнэ. УИХ-ын гишүүний
хүү гэдэг халхавчаар явж ирсэн Б.Батхишиг Засгийн газарт ч мэдэгдэлгүйгээр олборлолт хийгээд эхэлсэн нь ийнхүү далай ээжийг мөхөлд хүргэх эхний алхмыг тавиад байгаа ажээ.
Бүрэнхааны эл ордыг ашиглавал зургаан сая тонн хүдэр олборлох хүчин чадалтай ил уурхай байгуулагдах боломжтой бөгөөд жилд 18,4 тонн фосфор, 8,7 тонн фтор болон бусад хорт бодисууд агаарт дэгдэнэ гэсэн судалгаа байдаг байна. Энэ бол ердөө л наад захын өнгөцхөн жишээ. Үүнээс гарах өч төчнөөн хорт бодис, үр дагаваруудын улмаас “Монгол Улсын эко бүс” хэмээн дархлагдаад байгаа Хөвсгөлийн гайхамшигт байгаль бүхэлдээ үхмэл байдалд орохоос гадна тэнд амьдарч байгаа хүмүүсийн ч эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай. Захын химийн мэргэжилтэн хүний урагт хүчтэй нөлөөлөн гажиггай хүүхэд төрөх бүрэн үндэс суурь болно гэж хэлж байна. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх аюул мөн үү гэвэл мөн.
Иймээс ч 80-аад оны эхээр оросууд анх эл ордыг хайгуул хийн илрүүлээд ашиглая гэхэд тухайн үеийн төрийн удирдлага “үгүй” гэсэн ганцхан үгээр амыг нь таглаад өнгөрч байжээ. Фосфоритын ордыг ашиглаад эхэлвэл зөвхөн Хөвсгөл аймагт төдийгүй нийт тусгаар улсын маань байгаль экологид аюул заналхийлнэ гэдгийг тухайн үеийн удирдлагууд ил тодоор хэлэн тас гүрийж байсан гэдэг.
Гэтэл авч л байвал арыг нь бодохоо байсан өнөөгийн төрийн түшээд хамсан Батж.Батбаяр гардан энэ аюултай ажлыг эхлүүллээ. Ашигт малтмалын газраас 105 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихвэл уг ордыг нойтон аргаар олборлоно гэж хүүхэд хуурч байгаа мэт тархи угаах оролдлого хийв. Дэлхий дахинд
байгаль, хүнд ээлтэй аргаар фосфорит олборлох технологи гаргаж чадаагүй байхад манай Ашигт малтмалын газар “нойтон” гэх гайхалтай арга гарган ашиглах тухай үлгэр ярьж байгаа нь харамсалтай.
Саяхан шинэ Ерөнхий сайд томилох чуулганы хуралдаан дээр Г.Баярсайхан гишүүн “Хөвсгөл рүү төмөр зам тавьж, уул уурхай ашиглах тухай Засгийн газар шийд гаргасан гэж сонслоо. Энэ үнэн бол ганцхан үлдээд байгаа дархлагдсан эко бүсээ хэрхэх талаар тайлбар хийгээрэй” хэмээн хатуухан сануулга өгч байсан.
Ардчилсан нам парламентад хамгийн олон суудалтай болоод байгаа. Ялалтын баяр, засгийн бялуу хуваах гээд толгой өндийх завгүй бужигнаж байгаа. Уг намын нөлөө бүхий гишүүн Батж. Батбаяр ч засгийн бялуунаас хоосон хоцролгүй сайд болчих санаатай давхиж байгаа. Өнгөрсөн парламентад Байгаль орчны байнгын хорооны даргын суудалд очин байж, лицензүүдийнхээ замыг зассан эл эрхэм одоо сайд болж, ашиг сонирхлын зам мөрөө нэг мөсөн дурайлгахаар зүтгэж байгаа гэж улс төрийн хүрээнийхэн жиг жуг гэж байна.
Иймээс ардчилсан тодотголоороо бахархдаг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарыг эл асуудалд онцгой анхаарал хандуулахыг хүсч байна.
Өнгөрсөн жил Х.Тэмүүжин гишүүн санаачилсан Ашиг сонирхлын тухай хуулийг парламент батлаад, одоо хэрэгжиж эхлэчихээд байгаа. Ийм ч учраас Ерөнхий сайдад нэр дэвшихдээ НАлтанхуяг ашиг сонирхлын зөрчилгүй тухайгаа дэлгэрэнгүй танилцуулга хийн гишүүдэд тараасан байсан.
Тэгвэл одоо халаас хэтэвч нэгтэй л биш бол намын нөлөө бүхий гишүүдийн нэг Батж.
Батбаяр ба түүний хүү Б.Батхишиг нарын энэхүү эх оронч бус, улайрсан үйлдэлд анхаарал хандуулан таслан зогсоох цаг ирсэн гэдгийг дуулгаж байна. Б.Батхишиг ч Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн төдийгүй УИХ-д нэр дэвшихээр зүтгэж явсан нэгэн.
Ардчилсан намын нөлөө бүхий гишүүн, удам залгасан эрхмүүд улсынхаа үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдлийг шунахайн сэдэлтэй эхлүүлээд байна. Сураг сонсох нь ээ, Батж.Батбаяр нь “Бодь” группт ихээхэн хэмжээний өртэй гэх зэргээр бизнес нь бүтэлгүйтэж, эл шархаа ашигт малтмалаар нөхөхөөр улайран зүтгэж байгаа ч гэх.
Ямартай ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Ардчилсан намын гурван дарга бүрдүүлэх болсон өнөө үед тогоон дотроо ярьж байгаад шунахай нь дэндсэн Батж.Батбаярынхаа асуудлыг нэг тийш нь хурдхан шийдэх байх гэж хүлээх үлдлээ.
Эрхэм гишүүний нэр холбогдоод буй уул уурхайн хуудуутай бизнес ганцхан Бүрэнхааны ордоор өндөрлөхгүй, цаана нь Баянхонгор дох алтны орд газар, Тавантолгойтой нэр холбогдсон ашиг сонирхол гээд цөөнгүй зүйл бий. Гэхдээ монголчууд бидний ирээдүй, үндэсний ашиг сонирхолд харшилж байгаа нь гагцхүү энэ фосфоритын олборлолтын асуудал болоод байгаа тул нэн тэргүүнд энэ сэдэвт анхаарлаа хандууллаа.
Дашрамд дуулгахад, Хөвсгөл нутгаас гаралтай иргэд, зарим эх орончид нэгдэн “Ногоон Монгол” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, дээрхтэй адил үйлдэлтэй эвлэршгүй тэмцэхээр шийдвэрлэжээ.
(Төлбөртэй нийтлэв)
Т.АНАНДА