Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт Төрийн өмчийн хорооны удирдлагуу тай уулзах даа алдагдалтай ажиллаж байгаа Төрийн өмчит компаниудын ажлыг сайжруулах санал боловсруулах, тухайн компаниудын удирдлагуудыг ажлаа танилцуулахыг үүрэг болгосон юм. Энэ дагуу Төрийн өмчийн хороо болон тэрбумаар тоологдох төгрөгийн алдагдалтай байгаа “Багануур”, “Шивээ-Овоо”, МИАТ зэрэг компанийн захирлууд юунаас болж алдагдал хүлээдэг, ямар арга хэмжээ авбал алдагдалгүй ажил лах боломжтой талаараа Ерөнхий сайдад танилцууллаа.
Уурхайн компаниудын захирлууд техник, тоног төхөөрөмж хуучирсан, нүүрсний үнийг нэмээгүйгээс алдагдал хүлээдэг гэсэн нийтлэг тайлбар тавьж байв. Тухайлбал “Багануур” хувьцаат компани гэхэд одоо 20500 төгрөг байгаа нэг тонн нүүрсийг 22500 төгрөгөөр борлуулж байж алдагдалгүй ажиллана гэсэн судалгаа хийсэн. Хэрвээ үнэ нэмэхгүй бол алдагдалгүй ажиллах боломж бараг байхгүй гэж тайлбарлалаа. Үүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээж авсангүй.
“Төрийн өмчит компанийн захирлууд алдагдалгүй ажиллахын тулд нүүрсний үнэ нэмж, иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэхээсээ өмнө өр, авлагаа барагдуулж, хэрэггүй зардлаа багасган, зөв менежмент хийх хэрэгтэй. Төрийн өмчийн хорооныхон тухайн хүнийг захирлаар томилохдоо ажлыг яаж сайжруулах, сайжруулаагүй бол ямар хариуцлага тооцохоо гэрээнд тусгадаггүй. Үүнээс болж хэн нэгний шахаасны хүн сонгуулиас сонгуулийн хооронд ажиллаж, өөртөө болон “өртэй” хүмүүстээ ашиг оруулдаг байж таарахгүй” гэлээ.
Харин “Багануур” компанийн төрийн өмчид байгаа 75 хувийг Хөрөнгийн биржээр зарж 60 тэрбум төгрөг босгох, энэ мөнгөөр техник, тоног төхөөрөмжөө сайжруулахыг зорьж байгааг зөв гарц гэж тэрбээр үнэллээ. Гэхдээ Улаанбаатарын нүүрсний хэрэгцээний 70 хувийг хангадаг “Багануур” хувьцаат компанийн эзэмшлийн газрыг “Алтай гянт” компани өөрийн болгож сүүлийн таван жил ашиг олж байгаад Ерөнхий сайд бухимдав. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, 500 орчим сая тонн нүүрсний нөөц бүхий газрыг “Багануур” хувьцаат компанийн тухайн үеийн удирдлага бусадтай хуйвалдан хувийн компанид шилжүүлсэн байж магадгүй гэж тэр үзэж байгаа аж. Хувийн компани бусдын газраас ашиг олж болоод байхад төрийн өмчит компани эзэнгүйдэж, алдагдалтай ажилладаг, тэр байтугай өрөндөө баригдан, газраа алдчихсан сууж байгаа нь буруу гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэв.
“Шивээ-Овоо” компани мөн л “Шинэ шивээ” компанитай газрын маргаан үүсгээд байгаа. Энэ асуудлыг шүүхээр шийдүүлж газраа буцааж авахыг үүрэг болголоо. “Шивээ-Овоо” компани өнгөрсөн жил 2.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Гэхдээ “Нүүрс хатаах үйлдвэр, конвейерийн тээврийн иж бүрдэл” төсөл хэрэгжүүлснээр алдагдлаа багасгах боломж бүрдсэн байна. Цаашид холбогдох яам, агентлаг, уурхайн удирдлагаас бүрдсэн ажлын хэсэг гарган төрийн өмчит компаниудыг хэрхэн алдагдалгүй ажиллуулах, үүний тулд ойрын болон дунд, урт хугацаанд ямар арга хэмжээ авахыг тодотгох нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзэж байна.
Энэ үеэр МИАТ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, Хөтөлийн “Цемент-шохой” ком панийн ажлын талаарх мэдээлэлтэй танилцлаа. МИАТ компанийн хувьд 1999 оноос хойш Европын чиглэл буюу Москва-Берлиний аялалд 53 тэрбум төгрөг, орон нутгийн аялалд 1993-2008 онд 23 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Нийт алдагдлын 30 хувь нь өндөр үнээр шатахуун авдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээлд тонн шатахуун 1000 ам.доллар байхад МИАТ компани 1500 ам.доллараар авч байгааг зохицуулах шаардлагатай болоод байна гэж гүйцэтгэх захирал Ц.Орхон мэдээллээ. Гэхдээ ОХУ-ын “Аэрофлот” болон Турк улсын авиа компанитай хамтран ажиллаж Европын чиглэлийн алдагдлаа тодорхой хэмжээгээр багасгахаар болсныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг сайшаав. Тус компани 200 сая ам.доллараар гурван онгоц авахаар гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрийг нь өгсөн байна. Үлдэх хэсгийг дотоод, гадаадын банкнаас зээл авч тө лө- хөөр төлөвлөжээ. Хэрэв санхүүжилт шийдэгдвэл манай улс 10 жилийн дараа өндөр үнээр гаднын онгоц түрээслэхээ больж, өөрийн гэсэн онгоцтой, улмаар жилдээ 2.0 сая ам.долларын ашигтай ажиллах боломжтой юм байна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компа ни 2004 оноос ашигтай ажиллаж байсан ч 2009 онд дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын улмаас хаалгаа барьсан. Харин одоо Төмөртэй, Төмөртолгой, ХустУулын төмрийн ордыг ашиглалтад оруулах, “Уул уурхай-хар төмөрлөгийн цогцолбор” бай гуулах чиглэлээр ажиллаж байгаа юм байна. Хөтөлийн “Цемент-шохой” компани хө рөнгө оруулалт хийснээр өмнө нь жилд 270 мянган тонн цемент үйлдвэрлэж байсан бол ирэх оны долдугаар сараас 1.0 сая тонныг гаргах боломжтой болох аж. Энэ нь их бүтээн байгуулалт өрнөж байгаа үед цементийн хэрэгцээний нэлээдгүй хувийг дотоодоос хангана гэсэн үг юм. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, Хөтөлийн “Цемент-шохой” компанид хувийн хэвшлийнхэн 75 хүртэл тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүний үр ашгийн тооцоог нягтлахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхааруулж, хувийн хэвшлийнхэн төрийн компаниудад хөрөнгө оруулж, хэсэг хугацааны дараа өөрийн болгодог гэсэн буруу ойлголт олон нийтэд байдгийг сануулав. 2011 оны байдлаар төрийн өмчит болон тө рийн өмчийн оролцоотой 91 компанийн 57 нь ашигтай, 34 нь алдагдалтай ажилласан гэнэ.